Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Намуун: Карьер бол зуурдынх, гэр бүл бол үүрдийнх

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
15 минут 7 секунд

“UBN STORY” булангийн ээлжит дугаарын зочноор жүжигчин МУСТА Э.Намууныг онцолж байна. "Tobe or not tobe" шоунд оролцсоноос хойш үзэгчдийн хараанд өртсөн тэрбээр их сургуулийн босгоос Мөрөөдлийн театр хэмээх айлын нэг эд, эс болон ажиллаж олон шоу драмаар үзэгч олонд танигдсан. Тэгвэл сүүлийн үед уран бүтээлийн хувьд чимээгүйхэн байгаа түүнтэй сүүлийн үеийн сонин сайхан болон бусад сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Жүжигчин Э.Намууны хувьд уран бүтээлээсээ завсарлага аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд сайн гэрийн эзэгтэй, сайн ээжийн үүрэгт илүү анхаарал хандуулах шиг боллоо. Жүжигчин Э.Намуунаар сүүлийн үеийн сонин сайхан ЮУ БАЙНА?

-2013 оноос Мөрөөдлийн театрт ажиллаж байсан. Театртаа хоёр жилийн турш ажиллаад 2015 онд гарч, гэр бүлдээ анхаарал хандуулснаас хойш таван жил уран бүтээлээс хол байлаа. Энэ хугацаанд сайн гэрийн эзэгтэй, сайн ээж, гэр бүлдээ анхаарал хандуулсан. Удахгүй уран бүтээлдээ эргэн орох гэж байна. Ирэх оны хавраас Эрхмээ бид хоёрын өөрсдийн хийж буй киноны зураг авалт эхэлнэ. Тэгэхээр ирэх оны намраас киногоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Уран бүтээл рүүгээ эргэн орох гэж байгаа нь сайхан мэдээ байна. Гэхдээ нэлээдгүй хугацаанд гэр бүл рүүгээ анхаарал хандуулсны хувьд ар гэр маань цалгардах вий гэсэн болгоомжлол байгаа байх?

-Тийм ээ. Ер нь хүн гэдэг чинь их дасан зохицомтгой амьтан юм байна. Аливаад хурдан хугацаанд дасан зохицож амьдардаг гэх үү дээ. Эргээд уран бүтээл рүүгээ анхаарах гэхэд зарим талаар цалгардах зүйлс байна. Гэхдээ хүүхдүүд маань овоо том болчихсон, ганцхан нярай хүүхэдтэй байгаа учраас одоохондоо гайгүй л байна даа.

-Гэр бүлийн хүнтэйгээ цуг хийж байгаа уран бүтээл гэхээр уншигчдын сонирхлыг татаж байгаа байх. Киноныхоо талаар нууц биш бол багахан мэдээлэл өгч болох уу?

-Кино маань цацагдах үед илүү дэлгэрэнгүй ярьж болох байх. Ямартай ч драмын чиглэлийн кино хийхээр төлөвлөсөн.

-Жүжигчин Э.Намууныг хувь хүн талаас нь басхүү урлагт хэрхэн хөл тавих болсон талаар мэдмээр санагдлаа. Ер нь жүжигчин мэргэжил өөрийн тань хүсэж “дурласан” мэргэжил мөн байв уу?

-Арван жилийн сургуулиа Нийслэлийн нэгдүгээр сургуулийн н.Цэрэнлхам багштай ангид суралцаж төгссөн. Сургуульд байхаасаа л урлагийн үзлэгт маш дуртай хүүхэд байсан. Ер нь манлайлах маягтай гэх үү дээ. Нөгөө ангийнхан маань надаас урлагийн үзлэгт юу хийх, ямар бүжиг бүжиглэх гэх мэт зүйлсээ асууна. Сургуулийнхаа 80 жилийн ойн бүжгийн зарим хэсгүүдийг тавьж байсан оролцоо бий.

Ахлах ангид орох үедээ ямар мэргэжлээр суралцахаас хамаарч тухайлсан чиглэлийн хичээлүүдийг сонгон суралцдаг шүү дээ. Тэр үед л би жүжигчин болно гэх шийдвэрээ гаргачихсан байсан. Ингэж яваад элсэлтийн шалгалтдаа бэлдэж, СУИС-ийн шалгалтад тэнцсэн. Тухайн үед СУИС ур чадварын шалгалт авдаг байсан юм. Би эхний шатандаа нэгдүгээрт жагсаж, хоёрдугаар шатандаа тэнцсэнээр урлаг гэх айлын хаалгаар орох боломж олдож байсан.

"Өмнөөс нь тайз дээр гарчихмаар санагдах үе ч байсан"

-Их сургуульд байх үедээ “Tobe or not tobe” гэх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсоны дараахан өөрийг тань олон нийт драмын театрын тайзнаа харах болов уу гэх хүлээлттэй байсан. Гэхдээ яагаад заавал “Мөрөөдлийн театр”-ыг сонгосон юм бэ?

-Би гуравдугаар курст суралцаж байх үедээ “Tobe or not tobe” гэх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсон. Урлагийн салбар шалгуур маш өндөртэй учраас төгсөж гарч байгаа хүүхэд бүрт өөрийгөө таниулах боломж тэр бүр олдох нь ховор. Тиймээс бодлоготой тухайн тэмцээнд орсон гэх үү дээ.

Маш мундаг шүүгч нарын зөвлөгөө, шүүмжийг авсан. Тэр жил манай Мөрөөдлийн театрын бүрэлдэхүүнүүд хамтарч ажиллан, хөтлөгч хийж байсан. Жүжигчин мэргэжлээр суралцаж буй залууст драмын театрын тайзан дээр гарах зорилго байдаг. Миний хувьд яагаад ч юм драмын театр гэхээсээ илүүтэйгээр Мөрөөдлийн театрыг их сонирхож байсан. Тухайн үед “Мөрөөдлийн театр” шинээр байгуулагдаад удаагүй, анх гарч ирэхдээ шоу драм хийж эхэллээ хэмээн олон хүний сонирхлыг татаж чадсан л даа. Шоу драм гэдэг нь өөрт маш сонирхолтой, шинэлэг санагдсан. Драмын чиглэл үү чиглэл. Ингэхдээ зохиол дээр ажилладаг, мэргэжлийн жүжиг болгон тавьдаг гэх мэт.

Тухайн зохиолыг байгаагаар нь тавихын сацуу эвдэж шинэлэг болгож чаддаг, шинэ урсгал гэж харсан учраас Мөрөөдлийн театрт орох юм сан гэх зорилгыг өөртөө тавьсан байсан. Хоёрдугаар шатанд орох үедээ Мөрөөдлийн театрын хөтлөгч хийж байсан ах нарт “Намайг үзээрэй” гэх үгийг хэлчхээд орж байж билээ. Тухайн үед оюутан хүүхэд тэгж хэлэхээр гайхсан л байх. Удалгүй зорилго маань биелж , “Мөрөөдлийн театр”-т орох үүд хаалга нээлттэй гэж хэлж урьж байсан.

-Мөрөөдлийн театраасаа гараад таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ энэ хугацаанд тус театр нэлээдгүй шоу драм, жүжгүүдийг үзэгч олны хүртээл болгосон. Тэр бүрт хэрвээ би энэ тайзан дээр байсан бол гэх сэтгэгдэл төрж байв уу?

-Байлгүй яахав. Уран бүтээлч хүн бүрт доторх ГАЛ гэж зүйл байдаг шүү дээ. Өмнөөс нь тайз дээр гарчихмаар ч юм шиг аль эсвэл тоглолт эхлэхийн өмнө нээлтийн ая явахад догдлох гэх мэт үеүүд ч байлгүй дээ. Эрчимтэй ажиллаж байгаад уран бүтээлээсээ холдоход эхний 1-2 жилийн хугацаанд эвгүй байсан.

"Карьер бол зуурдынх, гэр бүл бол үүрдийнх"

-Жүжигчин Г.Эрхэмбаяртай гэр бүл болж, амьдралаа холбоод багагүй хугацаа өнгөрсөн. Ер нь адилхан жүжигчин мэргэжилтэй хүний хувьд гэр бүлдээ хэрхэн цаг зав зарцуулж чадаж байна вэ?

-Уран бүтээлээс түр холдсон таван жилийн хугацаанд би нэг зүйлийг ойлгосон. Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь гэр бүл. Ажил, мэргэжлийн карьерийг хүн хэзээ ч бий болгож чадна. Олон жилийн турш, тасралтгүй уран бүтээл хийснээрээ карьер өснө гэж байхгүй. Нөгөөтээгүүр, үнэхээр мундаг, авъяас чадалтай нэгэн ганцхан өдрийн дотор ч карьер нь өсч болно.

Бүтээсэн карьер хэзээ ч унаж болно. Тэгэхээр карьер гэдэг бол үзэгдэл ч юм шиг санагдсан. Харин хүний амьдралд үүрд байх хамгийн чухал гол цөм нь гэр бүл.

Хоёр талаасаа нийлсэн гэр бүл гэж их ярьдаг л даа. Энэ гэр бүлээ нэг бүл, нэг цөм болгоод авчихсан гэхлээр таван жилийн хугацаанд маш том ажил амжуулсан гэж боддог.

-Магадгүй олон нийтийн зүгээс таниас хариулт авахыг хүсдэг зүйл бол гэр бүлтэй холбоотой асуудал. Нэг хэсэг хэл ам, дайралтуудад ч өртөөд амжсан. Хэрвээ цааргалахгүй бол та албан ёсоор хариулт өгч болох уу?

-Тухайн үед дайралтууд маш их ирж байсан шүү дээ. Эхэндээ хүн хямардаг л юм билээ. Яагаад миний дэргэд байгаагүй байж, бидний хажууд харж, үзсэн мэтээр ярьж байхад нь хямарсан. Сүүлдээ дасан зохицсон ч гэх юм уу. Хүн бүр л асуудаг л даа. Тэр бүрт нь хариулаад, тайлбарлаад явах боломжгүй шүү дээ. Хоёрдугаарт, өмнөх амьдралыг нь хүндэлж, энэ тэгсэн, тэр тэгсэн гээд байх хэрэггүй гэж боддог.

Албан ёсоор бэр гуйсны дараа н.Ганболд гэх айлд бэр болж очиж, бид цугтаа амьдарсан. Хүүхдүүд маань төрсөн ах, дүү юм шиг л эвтэй найртай амьдарч байгаа. Тэрнээс өмнө юу болсныг ярих албагүй шүү дээ. Тэнд өөр хүний амьдрал ч байгаа. Хэн хэндээ сайн сайхныг хүсээд л явж байна.

Энд бас нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Урлагийн хүмүүсийг жаахан нэр алдарт гараад ирэхээрээ эхнэрээ сольдог, бие биетэйгээ гэрлэдэг гэх мэтээр ташаа ойлголт, хандлагатай явах хүмүүс их байдаг. Гэвч бүх салбарт л гэр бүл салалт, нийлэх гэх мэт асуудал байдаг. Харин урлагийн хүмүүс олон нийтийн өмнө “амьдардаг” учраас энэ мэт өрөөсгөл ойлголттой явдаг болов уу гэх бодол төрдөг.

-Залуу гэр бүлийн хувьд баримталж явдаг зарчим бий юу?

-Аав, ээж болсон л бол үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх ёстой. Цаашилбал энэхүү үүрэг хариуцлага ганцхан үр хүүхдийнхээ өмнө бус аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд бүхий л хүмүүс хамаатдаг. Тиймдээ ч бид хоёр алхам тутамдаа ярилцдаг. Ер нь хосууд бие биетэйгээ ний нуугүй ярилцдаг байх нь эргээд гэр бүлд ямар нэгэн асуудал, маргаан гарахгүй байх эх үндэс болох юм шиг санагдсан. Мэдээж нэг нэгнээ хүндлэх хүндлэл байх ёстой.

Мөн хүүхдүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэхийг чухалчилж үздэг. Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй. Тэр бүрийг хүндэлж, тохируулж харьцаж, ярилцаж байвал илүү нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болох байх гэж боддог.

"Мөрөөдлийн театрт буцаж орохгүй. Кино уран бүтээл рүү шамдах бодолтой байгаа"

-Ер нь “Мөрөөдлийн театр”-таа буцаад орох бодол бий юу?

-Урлаг бол хатуу шүү дээ. Нэг гарсан бол асуудал байхгүй /инээв/. Тиймээс Мөрөөдлийн театрт буцаж орохгүй. Одоогоор кино уран бүтээл рүү илүү шамдах бодолтой байгаа.

-Мэргэжил бүр өөр өөрийн давуу тал, түүнээс авах онцгой мэдрэмжтэй. Таны хувьд жүжигчин гэх мэргэжлээс л авч чадах мэдрэмжийг тодорхойл гэвэл хэрхэн тодорхойлох вэ?

-Хүн дуртай зүйлээ хийж байхдаа ядрахаа ч мэддэггүй гэдэг шүү дээ. Магадгүй тэр бүхэн нь ч надад аз жаргал болж ирдэг. Ажлыг би цалинтай хобби гэж боддог. Хүн дургүй ажилтай бол өглөө бүрийг яаж угтах нь ойлгомжтой. Тиймээс би өөрийнхөө дуртай зүйлийг олчихсон учраас түүнээсээ аз жаргалыг авч чаддаг.

"Мэргэжлийн бус хүнийг жүжигчин гэж зарлах нь эргээд энэ мэргэжлийг үнэгүйдүүлж байгаа юм болов уу гэж боддог"

-Кино гэж ярьсных асуулгүй өнгөрөөж болохгүй байх. Сүүлийн үед чанаргүй кино уран бүтээлүүд их гарах болсон, жүжигчин мэргэжлийн үнэ цэн алдагдсан гэх мэтээр ярих болсон байна. Үүнийг таны хувьд юутай холбон харж байна вэ?

-Би одоогийн юм хийж байгаа залуусыг маш их дэмждэг. Болгож, бүтээхийн төлөө л хичээж яваа гэж хардаг. Яахав алдаж, онох зүйл байх л асуудал. Хэрвээ улсаас нь урлагаа бүх талаар дэмждэг, бодит хөрөнгө оруулалт хийж чаддаг бол ийм асуудал гарахгүй, тэр хэрээр урлагийн цензур өндөр байх боломжтой. Манайд төсөв, техник апартур нь байхад Hollywood-ээс дутхааргүй кино уран бүтээл хийх потенциалтай уран бүтээлчид зөндөө байгаа.

Харин нэг ундууцаж явдаг зүйл бол жүжигчин мэргэжлийн бус хүмүүсийг жүжигчин гэх тодотголтой зарладаг нь тиймхэн санагддаг. Тоглуулахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь мэргэжлийн бус хүнийг жүжигчин гэж зарлах нь эргээд энэ мэргэжлийг үнэгүйдүүлж байгаа юм болов уу гэж боддог. Магадгүй жүжигчин гэж зарлах бус уран бүтээлч, оролцон тоглосон хэмээн зарлаж болно шүү дээ.

-Урлаг залуу үеийнхнээр “цусаа сэлбэж байна” гэдэг. Ер нь таны хувьд жүжигчин мэргэжлийг сонгох гэж байгаа болон залуус дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

-Юун түрүүнд залуус дүү нараа мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ жүжигчин мэргэжлийг сонгож, сургуульд нь орсон л бол түүнийхээ төлөө эцэс төгсгөлгүй зүтгэх л хэрэгтэй. Хөдөлмөрлөх, өөрийгөө бүхий л талаас хөгжүүлэх нь чухал гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: ӨЭМТ-үүдийн санхүүжилт ороогүйн улмаас эмч, сувилагч нар урамшуулал, нэмэлт цалингаа авч чадахгүй байна
СУРВАЛЖИЛГА: ӨЭМТ-үүдийн санхүүжилт ороогүйн улмаас эмч, сувилагч нар урамшуулал, нэмэлт цалингаа авч чадахгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.