Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Ингэснээр төрийн алба дагасан хүнд суртал, авилга хээл хахуультай тэмцэх алхам нэг шатаар ахиж байгааг албаныхан онцолсон юм. Тэгвэл тус шийдвэрийн зохицуулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилт зэргийн талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Шийдвэрийн хүрээнд нийслэлээс ямар зорилт тавив?
-Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод бизнес эрхлэх нөхцөл бололцоо нь ямар байдаг вэ гэдгийг хүн бүр мэднэ. УИХ, ЗГ, Нийслэлийн Засаг даргын дэвшүүлж буй зорилт нь бизнес эрхлэхэд таатай орчин нөхцөл бүрдүүлэх, хүнд суртал, авилга, хээл хахуулиас үүдэлтэй шат дамжлагуудыг бууруулж, энэ байдалтай бодитойгоор тэмцэх явдал юм. Энэхүү шийдвэрийг гаргахад тал талын судалгаануудыг ашигласан.
-Тухайлбал?
-Судалгааны хувьд олон эх сурвалж бий. Жишээ нь “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн авлигын индексийг боловсруулдаг. 2020 оны авлигын индексийн дүнгээр Монгол Улс 35 оноо авч, 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Мөн Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Doing business” буюу “Бизнес эрхлэхүй 2020” тайлангаар манай улс 190 орноос 81 дүгээрт жагсаж байна. Мөн уг шийдвэрийг гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн “Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа”, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтүүдийг харгалзаж үзсэн.
-Олон нийт тус шийдвэрт нэлээн ам сайтай байна. Энэ шийдвэр чухамдаа ямар үр нөлөөг дагуулна гэж та бүхэн харж байна?
-Эхний ээлжинд 74 төрлийн үйл ажиллагаа цаашид зөвшөөрөл авахгүйгээр хууль тогтоомж, стандартад нийцүүлэн чөлөөтэй эрхлэх боломж бүрдэж байна. Энэ шийдвэрийн хамгийн гол ач холбогдол нь олон мянган залуусыг бизнес эрхлэх сэдэл өгч байгаа явдал юм. Өмнө хүнд суртлын хана мөргөдөг байсан бол одоо чөлөөтэй бизнесээ эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Одоо бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй иргэд маань бизнесээ тэлэх боломж бүрдэж байна.
Ганцхан жишээ татъя. Нэг зөвшөөрөл авахын тулд дунджаар 9 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь явсаар байгууллага бүр дээр өөр өөрийн журмаар зохицуулагдаж, 30-40 бичиг баримт болдог байна. Цаашилбал зөвшөөрлөө хүлээж 5-6 хоногийг зарцуулдаг гэх мэт байдлаар шат дамжлага бүрт хүнд суртал гэгчтэй нүүр тулж байдаг. Нийслэлд бүртгэлтэй худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 18664 иргэд, ААН байгууллагыг давхардсан тоогоор авч үзвэл 168 мянга орчим бичиг баримт бүрдүүлдэг болж таарна. Энэ хэрээр тухайн бичиг баримтыг бүрдүүлэхэд шаардагдах цаг заваас авхуулаад бидний тооцож чадхааргүй авилга, хээл хахууль байхыг үгүйсгэхгүй.
Мөн алдагдсан боломж гэж зүйл бий. Бодит цаг хугацаагаа алдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл байхгүй болсноор энэ бүх асуудал арилна. Жил бүр тусгай зөвшөөрлөө сунгуулах гэж даргын үүд сахидаг, гарын үсэг зуруулдаг байдал байхгүй болж байгаа гэсэн үг.
Бизнес эрхлэх гэж буй хүмүүс маань тусгай зөвшөөрөлд зарцуулах хөрөнгө, цаг заваа үр хүүхэд, хайртай гэр бүл, эргээгээд бизнесээ тэлэхэд зарцуулах боломжтой болж байна хэмээн харж байгаа юм.
-Тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн хүрээнд тухайлсан зохицуулалтууд хийгдэх үү. Ер нь ямар бэлтгэл ажлуудыг хангаж байна вэ?
-Тус шийдвэр ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажлын хүрээнд байнгын үйл ажиллагаатай жижиг дунд, үйлдвэр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл хотын даргын дэргэд байгуулагдсан. Тус зөвлөл нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн холбоо, ТББ-ын төлөөлөл болон хотын захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн. Захирамжийн хэрэгжилтийг бүх шатанд ханган зохион байгуулах юм.
Хотын даргын үүрэг бол маш тодорхой байгаа. Үүний цаана хуульд заасан тусгай зөвшөөрлүүд байгаа. Тухайлбал, бидний эрх мэдлээс давсан хуулиар зохицуулагдах согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхины зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл гэх мэт. Эдгээр зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох ажлуудыг шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд тодорхой бэлтгэл ажлуудыг хангаж эхлээд байна.
-Энд дурдахгүй өнгөрөөж болохгүй нэг асуудал бий. Шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудын зах зээл нь томорч, энэ хэрээр өрсөлдөөн бий болох нь ойлгомжтой. Ер нь тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж буй иргэдэд ямар хэм хэмжээ, стандартыг мөрдүүлэх юм бэ?
-Хамгийн гол асуудал бол үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдал. Улсын хэмжээнд 6602 стандарт мөрдөгддөг. 800 гаруй хууль тогтоомж мөрдөгдөж байгаа. Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Шат шатны холбогдох байгууллагууд нь үйл ажиллагаагаа зохион байгуулаад явахад энэ тал дээр асуудал үүсэхгүй болов уу. Юуны түрүүнд торгох, хаах гэхээсээ илүү бизнес эрхлэгчдэдээ зөвлөн тусалж, хамтарч ажиллах нь чухал. Энэ нь ч хотын даргын захирамжид тодорхой туссан.
Тодруулбал, хяналт шалгалтын тоог бууруулах, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулах хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хяналт шалгалтыг хийхээс биш хавтгайруулах нь шаардлагагүй. Хамгийн гол нь үр дүнтэй байх хэрэгтэй. Хотын даргын захирамжид хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, тухайн обьектын эрсдэлд үндэслэсэн байх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг бууруулах гэх мэтчилэн тусгаж өгсөн.
-Тусгай зөвшөөрлүүдэд судалгаа хийхэд дийлэнх нь шаардлагагүй зөвшөөрөл байсан гэх мэдээллийг өмнө хэвлэлийн хурлын үеэр өгсөн шүү дээ. Үүнийг дэлгэрүүлбэл?
-Маш энгийн шалгуурууд байгаа шүү дээ. Хуульд заасан тусгай зөвшөөрөл мөн үү, биш үү гэдэг асуудал. Хэрвээ биш тохиолдолд энэ нь хууль зөрчсөн асуудал. Хоёрдугаарт, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд хохиролтой үйл ажиллагаа мөн үү гэх шалгуур.
Тухайлбал, цаг завсар, сургалтын төв, дэлгүүр, мухлаг байгуулах зэрэг нь хуульд заасан шаардлага, норм стандартаа хангасан байхад л үйл ажиллагаагаа явуулахад чөлөөтэй гэж үзсэн.
-Бизнес эрхлэгчдийн зүгээс хэлдэг зүйлсийн нэг нь мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ. Мэргэжлийн байгууллагуудад чиглэлээ өгсөн үү?
-Хотын даргын хувьд энэ чиглэлд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Хяналт шалгалт өөрөө оновчтой, үр дүнтэй байх ёстой. Торгох, хаах гэхээсээ илүү мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Тухайлбал, жижиг зөрчил байсан ч тодорхой албан шаардлагын хүрээнд зөрчлүүдээ арилгах үүрэг даалгавар өгч, түүнийхээ гүйцэтгэлийн шалгалтыг хийдэг байх ёстой. Жижиг зөрчил байсан ч торгодог байдлыг бид халах ёстой. Энэ нь нэг талаасаа төр зөвлөн тусладаг, мэргэжил арга зүйн хувьд хамтарч ажилладаг байх нь зөв. Хэрвээ ноцтой хор хохирол учруулсан тохиолдолд тухайлсан арга хэмжээг авдаг байх ёстой. Жижиг зөрчилд хатуу арга хэмжээ авах нь зохимжгүй юм гэдэг зүйл хотын даргын шийдвэрт туссан. Мэдээж ажил хэрэг хийгээд явж байхад алдаа оноо гарна. Бид үүнийг засаж, аль болох хурдан хугацаанд төрийн үйлчилгээг хүргэхийн тулд ажиллах юм. Төр хувийн хэвшил нэг зүгт харж хөдөлбөл нэг ч гэсэн иргэнийг ажлын байраар хангаж, ажилтай орлоготой байх нь төрийн зорилгод нийцэж буй хэрэг.
-74 зөвшөөрөл хүчингүй боллоо гэхээр иргэд үүнийг архи, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй андуурч ойлгоод байх шиг байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэх мэт тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авна. Бидний зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх, цахимжуулах, шаардлагагүй бичиг баримт шаардахыг болиулах ажлыг он гараад, богино хугацаанд шийднэ.
-Төрийн байгууллагуудын бүхий л үйлчилгээг цахимжуулахаар зорилт тавин ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн мэдээллийн нэгдсэн системд нийслэлийн хэчнээн үйлчилгээ багтсан байна вэ?
-Төрийн мэдээллийн нэгдсэн систем болох И Монголиад Улаанбаатар хотын 110 үйлчилгээ багтсан байгаа. Цаашид нэмэгдүүлэх хүрээнд нь бид ажиллана.
-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой тус шийдвэр ямар үр дүнд хүрч чадна гэж та бүхэн харж байна?
-Бизнес эрхлэх орчин сайжирч байна. Авлига, хүнд сурталтай тэмцэж буй алхам нэг шатаар урагшилна. Гарын үсэг авахын тулд олон шат дамжлага дамждаг, аль нэг даргын үүд сахидаг байдал байхгүй болж байна гэсэн үг. Эдийн засгийн эрх чөлөө, аж, ахуй эрхлэх боломж бүрдэж байна хэмээн харж байна. Хамгийн гол нь, бизнес эрхлэх сэдлийг олгож байгаа юм. Ингэснээр иргэн, ААН-ын бүтээмж сайжрах үр нөлөөтэй.
-Ярилцсанд баярлалаа.