Түлхүүр мэдээлэл:
- ОХУ-ын Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко коронавирусний халдвар авсан болох нь өчигдөр тогтоогджээ.
- Өнгөрсөн долоо хоног ОХУ-ын ерөнхийлөгч Путин Москвагийн эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцах үеэр Проценкотой гар барьсан юм.
- Гэсэн ч бүх зүйл хэвийн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ үеэр Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко түүнтэй уулзаж, ажлаа танилцуулж байв. Тэдний гар барин мэндчилж, хамтдаа эмнэлгийн тасгуудаар алхаж байгаа зураг Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм.
Тэгвэл Проценко шинэ коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсаныг эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.
Энэ мэдээг тарсны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “бүх зүйл хэвийн” гээд ОХУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийг тогтмол хянаж байгааг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Проценко нь сүүлийн үед ОХУ дахь коронавирусийн тахлын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгч, олны танил болоод байгаа юм.