Говь-Алтай аймгийн “Хантайшир” үндэсний бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ.
Үзүүрт улсын харцага О.Хангай, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан юм.
Тэгвэл дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг “Хантайшир” дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн “Алтай” группын ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон “Хантайшир” дэвжээний бусад удирдлагууд гардуулав.
Сонирхуулахад, тус дэвжээний 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан болоход Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага О.Хангай аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байв.
Харин их шөвөгт Монгол Улсын начин Ч.Ганзориг, Монгол Улсын начин В.Чимэдвандан нар шалгарч байлаа.
Дараагийн барилдаан энэ сарын 25-нд Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.