Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Ажнай” корпораци, "Увснуур" дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хово центр” ХХК, “Ундарга Увс” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэв.
Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарсан юм.
“Ёс жудагтай бөх”-ийн шагналыг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунд, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн өсөх начин О.Баярбаасанд гардуулсан юм.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын заан О.Одгэрэлд МҮБХ болон Увс нуур дэвжээ, үе тэнгийн бөхчүүд, шавь нар, нутгийн ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.