Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон нь олны анхаарлыг татаж, улс төрд багагүй шуугиан дэгдээгээд байна. Түүний хэргийг 2017 оноос хойш “боож” хэд хэдэн удаа шүүх хурлыг хойшлуулсны эцэст ийнхүү шийтгэж байгаа юм. Бүтэн таван жилийн турш хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарыг буруутгасаар ирсэн. Э.Бат-Үүлийн нэр хүнд шалдаа унаж, түүний хэлсэн ярьсныг нам нь ч, олон нийт ч тоохоо больсон. Ерөнхийдөө улигт үгтэй, зөнөсөн улс төрчийн дүртэй болоод байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл түүнийг яг хоримогц нийгэм, улс төрд төсөөлж байгаагүй донсолгоо үүслээ. “Намаа нэгтгээрэй” гэж хэлсэн үг нь сошиалын тренд болж удтал арсалдсан АН-ынхан Э.Бат-Үүлийн төлөө бараг жинхэнээсээ нэгдэх шахав. Хагарсан талууд С.Зоригийн хөшөөний өмнө зогсож ардчиллын лидерийг суллахыг шаардав. Тамгаа булаалдаад завгүй байсан тэд гэнэт “М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нэгийг АН-ын даргаар бүртгээч, хэнийг нь ч бүртгэсэн гомдол гаргахгүй гэж” хамтарсан хүсэлт шүүхэд гаргажээ. Товчхондоо хагарч бутарсан АН-ыг Э.Бат-Үүлийн баривчилгаа сэрээж жинхэнээсээ юм бодоход хүргэлээ. Тэр АН-даа М.Энхсайхан, С.Баяцогт, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нараас хол илүү нэр хүндтэй явжээ.
Цаашлаад Э.Бат-Үүлийг өмөөрч УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарч хаалттайгаар хуралдсан. Гэтэл хаалттай хуралдсан АН-ын хурал хэрүүл талцал болоод ямар ч шийдэлгүй дууссан ажээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ын бүлгийн гишүүд Э.Бат-Үүлийг “ачигдсан” орой албан бусаар цуглаж улс төрийн эрс шийдэмгий арга хэмжээ авах, сөрөг хүчний хүчтэй акцуудыг хийх цаг болсон гэж ярилцжээ. Тэд нэгдэж МАН-ын ЖДҮ, Концессийн асуудлаар өргөн хүрээний акц хийх, жагсаал зохион байгуулах, хэвлэл мэдээлэл цахим сүлжээгээр ажиллах гээд сүүлийн таван жилд болоогүй том хэмжээний кампанит ажил өрнүүлэхээр урьдчилан төлөвлөж байжээ. Ингээд УИХ-ын чуулган дээр нээлтээ хийгээд бүлгээрээ хуралдаж гол акцуудаа ярихаар болсон байв.
Гэтэл уг хурал нь бүлгийн дарга Д.Ганбат болон Н.Алтанхуяг нарийн хоорондын хэрүүл болж ямар ч дүнд хүрээгүй таржээ. Н.Алтанхуягийн зүгээс бүлгийн дарга Д.Ганбатыг “маш муу ажиллаж байна, чамаас бусад гишүүдийн хэнийг ч бүлгийн даргаар тавьсан хамаагүй илүү ажиллана, чи ажлаа өг” гэх мэтээр дайрч хариуд нь бүлгийн дарга Д.Ганбат нь биеэ өмөөрөн хэрүүл хийсээр хамаг цагийг барсан ажээ. Ингээд эцэстээ хэрүүл шуугианаас гишүүд залхаж нэг нэгээрээ гарсаар танхим нь хоосорсон байна.
Тухайн үедээ Н.Алтанхуягийг Д.Ганбаттай л үзэлцээд байна гэж ойлгоод хэрүүлээс залхаж АН-ынхан тарцгаасан. Гэтэл яг энэ үйл явдлын араас Э.Бат-Үүлийн төлөөх акцыг сарниулах ажиллагаа АН дотор технологитой өрнөх болсон гэнэ
Уг нь УИХ-ын өнгөрөгч баасан гарагийн хурал дээр Н.Алтанхуяг “Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо...Энэ хүн бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер хүн. Ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу” гэж түүнийг хамгаалагчийн дүрээр үг хэлсэн. Гэтэл Э.Бат-Үүлийн төлөө АН-ынхан нэгдэж акц хийх гэхэд ийнхүү хоёр дахь нүүрээ гаргаж сарниулах ажил хийжээ. Н.Алтанхуяг бол зүгээр нэг цагаа олохгүй хэрүүл хийх хүн биш, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, АН-ыг 4 дараалан сонгуульд ялуулж явсан хашир туршлагатай улс төрч ямар нэг зорилгогүй цагаа олоогүй хэрүүл хийнэ гэж байхгүй, тэгэхээр тодорхой захиалгатай бүлгийн хурлыг самарлаа, бид нар тоглолтод нь орчихлоо гэж АН-ынхан өнгөрсөн хойно нь ойлгожээ.
Үүнийг батлах гэсэн мэт хоёр ч өнцөг илрээд эхэллээ. Нэгдүгээрт: Э.Бат-Үүлийг шүүсэн шүүгч нар шүүх хурлын өмнөх өдөр өмгөөлөгч Б.Баасанцогттой хонон өнжин архидсан тухай мэдээлэл твиттер хуудсаар хөврөх боллоо. “Хонгилын өмгөөлөгч” “оцгонодог өмгөөлөгч” зэргээр олон нийтийн сүлжээнд элдэв янзаар хэлүүлсэн Б.Баасанцогт үнэхээр шүүгч нартай уулзсан бол энэ бүхэн хэний дэглэлттэй захиалга вэ? гэдэг нь тодорхой Хоёрдугаарт АН-ын нөлөө бүхий эрхмүүд энэ бүхнийг зохион байгуулсан хүн бол Х.Баттулга гэж ил цагаан мэдэгдэх болов. Тэгэхээр Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг хуучин даргынхаа захиалгыг гүйцэлдүүлсэн байх магадлал ч ортой болоод явчихлаа. Мөн МАН-руу дайрах олон нийтийн дайралт ч илт сэргэж АН, МАН хоорондоо алалцах хангалттай том хэрүүлийн алимтай боллоо. МАН-ыг жигшүүлж балбах, АН-ыг сулруулж гартаа оруулах хоёр үзүүрт уургаа тэр сайн шиджээ.
Ордоны 3 давхраас шүүгчид хэнд ямар ял өгөх даалгавараа аваад гардаг гэж УИХ-ын чуулганы танхимд ХЗДХС @KhNyambaatar хэлж байсан. Нямбаатарын хэлсэн "3 давхарын тэр хүн" одоо МАН-ын дарга, ЕС Оюун-Эрдэнийн зөвлөх!@dganbat_mn дарга тун ч няхуур үг хэлсэн бна, БОД, БОД!!! pic.twitter.com/To4QaZ3u2E
— Цагааны ОЮУНДАРЬ (@tvdaria) December 18, 2021