Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийн ардаа үджээ. Өнгөрөгч 110 жилийн хугацаанд хууль эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд дотоод хэргийн бодлогыг манай улс хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл өнөөдөр /2021.12.16/ орчин цагийн хууль зүйн алба үүсч хөгжсөний ойн өдрийг тохиолдуулан "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.
“Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд эрх зүйн хөгжлийг түргэсгэж, шинэтгэл хийх асуудал бидний өмнө тулгамдаж байна”
Хурлын үйл ажиллагааны үеэр ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар ойрын жилүүдэд өмнө хэрэгжүүлж ирсэн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хувийн эрх зүйн шинэтгэлд голлон анхаарлаа хандуулж ажиллах ёстой болохыг онцолж байсан юм. Тэрбээр "110 жилийн түүхэнд Монгол Улс эрх зүйн тогтолцооны хувьд социалист эрх зүйн бүлэгт хамаарч эрх зүйн үндэс суурь, хөгжил нь тухайн цаг үед тавигдсан. 1990 оноос хойш өмчийн олон төрөл хэлбэрийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг дээдлэх, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, иргэний нийгмийг байгуулах зэрэг үйл явцтай зэрэгцэж манай улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага үндсээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Социалист эрх зүйн бүл тогтолцооны үед эрх зүйн тогтолцоог хувийн болон нийтийн эрх зүй хэмээн төдийлөн заагладаггүй байснаас хувийн эрх зүйн салбарын хөгжил сул байсан нь харагддаг.
1990 оноос хойш хувийн эрх зүйн салбарыг хөгжүүлэх, иргэн, ААН байгууллагууд зах зээлийн эдийн засагт аж ахуй эрхлэх боломжийг нээж өгөх, хууль ёсны шударга тогтолцоог шүүх хамгаалдаг, үүссэн хэрэг маргааныг шуурхай шийдвэрлэхийг энэ цаг үе маань биднээс зүй ёсоор шаардаж байгаа юм.
Тухайн улс орны эдийн засаг хурдацтай тэлж хөгжихтэй зэрэгцэн түүнтэй холбогдох бүхий л асуудлууд шийдэгддэг зүй тогтолтой. Иймд 2020 онд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл эдийн засгийг эрчимжүүлэх, түүнийг эрчимжихэд эрх зүйн хөгжлийг түргэтгэж, шинэтгэл хийх асуудал бидний өмнө тулгамдаж байна.
ХЗДХЯ нь Монгол Улсын хууль тогтоомжийн 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтыг тусгаж, “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг боловсруулж эхлээд байна” гэдгийг онцолсон юм.
Хувийн эрх зүйн салбарын шинэтгэлийн бодит үр дүн, улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцоо байр суурь нэн чухал ач холбогдолтой. Тэгвэл өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд дотоодын болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо хэлэлцүүлж буй.
Б.Амарсанаа: Арилжааны хуулийг боловсруулах шаардлагатай
Энэ үеэр МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа “Хувийн эрх зүйн судалгаа ба динамик: цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр “Өнөөдрийн нөхцөлд бизнес эрхлэгчдийн дунд итгэл гэдэг зүйл алдарсан байна. Бие биедээ итгэх, эрх зүйн тогтолцоонд эргэлзэж байна. Иймээс энэ асуудлыг эрх зүйн хүрээнд шинэтгэлээр шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр хэрэгжиж буй эрх зүйн тогтолцоогоо бид өөрчлөхийн тулд түүнд байгаа итгэл үнэмшлийг динамик байдлаар өөрчлөх шаардлагатай гэх асуудлыг хөндөж байгаа юм.
Эрх зүйн шинэтгэл нь улс төрийн шийдвэр байдаг. Тиймээс маш богино хугацаанд шинэтгэл хийгдэх ёстой гэх ерөнхий хандлага бий. Гэхдээ энэхүү статик хуульд динамик байдлаар өөрчлөлт хийх, түүнийг урт хугацаанд тогтвортой мөрдөх хүсэл зориг байвал судалгаан дээр үндэслэж, эрх зүйн шинэтгэлийг хийх ёстой. Энэ хүрээнд холбогдох байгууллага, судлаач, хуульчид арилжааны хуулийг боловсруулах шаардлагатай.
Тухайлсан нийгэм амар, амгалан оршин тогтнохын тулд олон хүчин зүйл шаардлагатай. Үүний нэг нь тухайн нийгмийнхээ тогтолцоог дэмжих эдийн засгийн бүтэц, орлого зарлага нь тэнцвэртэй нөхцөл байх ёстой. Өнөөгийн нөхцөлд эрх зүйн тогтолцоо эдийн засгийн хэрхэн нөлөөлж байгаа талаарх асуудал яригдана. Эрх зүй бол бүхэллэг тогтолцоо. Энэхүү тогтолцоог бүхэлд нь өөрчлөх бололцоогүй учраас эрх зүйн шинэтгэлийг дэлхийн улс орнууд үе шаттайгаар хийдэг. Энэ хүрээнд хувийн эрх зүйн шинэтгэлийн асуудал яригдаж байна. Тэр дундаа арилжааны хуулийг боловсруулж, улмаар УИХ-д өргөн барих асуудал яригдаж байгаа гэж ойлгож байна” гэв.
Феликс Гленк: ОУ-ын худалдааны эрх зүйн харилцаанд шинэтгэл дутагдаж байна
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид болон хувийн эрх зүйн салбарын мэргэжлийн холбоод, зочид төлөөлөгчид оролцсон гэдгийг энд дурдах нь зүй. Тэгвэл хурлын үеэр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкээс хувийн эрх зүйн шинэтгэлийн талаар “Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсч хөгжсөний 110 жилийн хүрээнд ХЗДХЯ хувийн эрх зүйн шинэтгэлд ач холбогдол өгч, энэхүү сэдвийг хөндөж байгаа нь анхаарлын төвд байгаа асуудал гэж ойлгож байна. Энэ утгаараа манай түншлэгч байгууллага хувийн эрх зүйн шинэтгэлд томоохон ач холбогдол өгч буй сигнал хэмээн харж болно.
28 жилийн турш эрх зүйн шинэтгэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн хувьд нэлээн амжилттай яваа гэж дүгнэдэг.
Олон улсын худалдаа дээр эрх зүйн шинэтгэл дутмаг байгаа. Ялангуяа сүүлийн үед олон улсын худалдааны эрх зүйн харилцаанд шинэтгэл улам бүр дутагдаж байгаа. Ер нь орчин үеийн чиг хандлагаас авхуулаад худалдааны хувийн эрх зүйн шинэтгэл шаардлагатай.
Эрх зүй гэдэг нь байнгын өөрчлөлт, хөгжилд байдаг зүйл. Тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалд нийцэж, байнга өөрчлөгдөж, хувирч байх зүй тогтолтой харилцаа учраас эрх зүйн шинэтгэл хийгдэх нь зүй ёсны зүйл хэмээн үзэж байна” гэв.