Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 10-наас Эрээн, Замын-Үүд чиглэлийн авто замын тээвэр хэвийн үргэлжилж эхэлсэн. Тэгвэл хил, боомтууд дээр үүсээд буй зарим асуудлуудад Шадар сайд С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Тяньжин боомтоос контейнеруудыг галт тэргээр үе шаттай татан авч байна. Мөн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг вагоноор татаж байгаа. Галт тэргээр авч буй татан авалтууд хэвийн үргэлжилж байгаа гэж хэлж болно. Гэхдээ тэр бүр ачаа барааг бүрэн татан авалтыг хийх боломжгүй байна. Учир нь маш олон иргэн, ААН байгууллага Эрээний хилээр татан авалтаа хийдэг. Хил хаахаас өмнө гацсан бараа бүтээгдэхүүнүүдийг чингэлгээр татан авах ажлыг БНХАУ-ын талтай ярилцсан. Харамсалтай нь, тодорхой хугацаагаар БНХАУ-ын талаас шалтгаалж хойшилсон тул ГХ, ЗТХ-ийн сайд нарт яриа хэлэлцээрийг түргэвчлэх чиглэлд үүрэг даалгавар өгснөөр бэлтгэл хангагдсан. Өнгөрсөн өдрүүдэд 150 орчим авто машин хилийн зурваст орж ирсэнээс 50-ийг нь татан авсан.
Татан авалтын хяналт шалгалтыг хийх төвөөс нь ажлын хэсэг ирсэн. Тиймээс хяналт шалгалтын ажил нь Эрээнд хийгдээд, автомашинуудаа татан авснаар үргэлжлүүлэн контейнер, чингэлэгээр татан авалт хийх ажлууд хийгдэнэ гэсэн төлөвөлөгөөтэй хүлээгдэж байна.
Хангимандал, Гашуунсухайтын боомтоор бараа бүтээгдэхүүнээ татан авах боломжтой. Цаанаас бараа бүтээгдэхүүнээ татан авахдаа иргэд Эрээнээр биш Ханги, Гашуунсухайтын боомтоор ирүүлбэл татан авах ажлыг холбогдох яамд зохион байгуулж ажиллаж байгаа. Тус хоёр боомтуудад хүнсний лабораториудыг хүртэл байршуулсан байгаа. Бусад боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, тоог нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна" гэв.