Соёлын сайд Ч.Номин өнөөдөр “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцлаа.
Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын ихэнх нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг бөгөөд соёлын аялал жуулчлалын нэгдсэн бодлогогүйн улмаас жуулчны баазууд өөр, өөрийн хэмжээнд монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, соёлыг түгээн таниулсаар иржээ. Мөн тэдгээр жуулчны баазууд нь монголчуудын ахуй соёл, амьдралын хэв маяг, хувцас хэрэглэл зэргийг цогцоор нь бий болгож жуулчдад сурталчлан таниулах тал дээр жишиг болохуйц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг ч соёлын аялал жуулчлал эрхлэхэд Төрийн бодлого шаардлагатай гэж үздэг байна.
Жишээ нь, жуулчдын аялсан маршрут нь манай улсын өв соёлтой шууд холбогдох газар нутгууд байдаг тул энэ чиглэлийн дагуу соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтарч хийх ёстой ажил хэмээн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хэллээ.