МАН-ын 30 дугаар их хурал болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлийнхээ үеэр Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжилтэд 100-аас 120 орчим их наяд төгрөг шаардлагатай талаар дурдсан юм.
Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-аас 120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.
Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан" гэв.