Шинэ нисэхэд эхний цохилтыг ШӨХТГ-аас өглөө. Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж 6.2 сая төгрөгөөр торгож, 208 сая төгрөг хураалаа. Хэвлэл мэдээллээр энэ дээрмээ ичих ч үгүй сурталчилж, мөнөөх чөлөөт сэтгүүлчид маань төр засагтай нийлээд гадаадын хөрөнгө оруулалттай энэ аж ахуйг балбаж гарах аж.
ЭРЭЭН
Бид эрээний боомтоос ачаа татах байгууламж барьж чадалгүй хоёр дахь сардаа ухантаж байна. Бараг цорын ганц гэж хэлж болохоор худалдааны боомтын асуудлаа нэг улстай яриад учир зүйг нь олчихож чадалгүй бүтэн жил тойрлоо . Гэтэл Хятад бусад улстай хэл амаа ололцоод ачаа бараа солилцоод л байх аж. Ерөөсөө бидний байгаа байдал, чадамжийн түвшин л энэ. Хятадууд ердөө л стандартын дагуу ачаа бараагаа солилцох санал тавьж байгаа. Харин бидэнд тэр нь байдаггүй. Хий дэмий төр засгаа хараана, хөршөө муулна. Тэдний шаардлагыг хүндэтгэж, ололт амжилтаас суралцахын оронд атаархаж, жигшинэ.
Өдгөө БНХАУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 80 хувь нь европын стандартад хүрчээ. Дэлхийн стандартад нийцсэн Хятадын боомт, шороон шуурга авлигадаа нэрвэгдсэн Монголын боомтын хооронд тэнгэр газар шиг ялгаа үүссэн. Ерөөс Монгол Улс дэлхийн стандартаас тасарч, бүтээмж ур чадварын хувьд үлэмж дорой үндэстэн болон хоцорлоо. Гэсэн атлаа стандарт сахиулах нэртэй элдэв хяналтын байгууллага, байцаагч гэж үй олон. Хяслантай энэ тогтоцыг хувь тавилангийн егөөдөл гэх.
ШИНЭ НИСЭХ ХУУЧИН НАЙЗУУД
Одоогоос дөрвөн жилийн өмнө хөшгийн хөндийн шинэ нисэх буудалд тухайн үеийн зам тээврийн яамныхан шалгалт хийж хоёр мянга орчим зөрчил дутагдал илрүүлснээ зарлаж билээ. Баригдаж дуусаагүй обьектийн залгаагүй разетка, холбоогүй гэрэл чийдэн гэх мэтийг нэг бүрчлэн тоолсоор хоёр мянган “но” илрүүлсэн хэрэг. Өөрийн улсдаа стандарт мөрдүүлж чаддаггүй манай албаныхан өрөөл ямар ч орны өндөр стандартаас зөрчил илрүүлж, донгодож чадах нь гайхалтай.
Тухайн үед шинэ нисэхийг ийнхүү “ноолох” болсон нь ардаа улс төрийн шалтгаантай байлаа. Анхны гэрээ ёсоор Япончууд уг нисэх буудалд 100 хувь хөрөнгө оруулаад 15 жил менемжентээр удирдаад Монголын өмчлөлд буцааж өгнө. Гэтэл баригдаад дуусах мөчид Монголын тал шинэ нисэхийн менежментийг бид авья, гэрээгээ өөрчлье гэж шахах болсон. Түүнийгээ гүйцэлдүүлэхээр хяналт шалгалтын машинаар түншиж, улс төрийн хэлээр тохин зангаж хөрөнгө оруулагчдыг багагүй зовоосон байдаг. Үүнээс болж нисэх буудал ашиглалтанд орох хугацаа ч хэд хэдэн удаа хойшилсон. Манай дарга нар ямар ичих биш “гүйцэтгэгч талаас болоод нисэх буудал хугацаанд орж чадахгүй байна” гэж хээвнэг гүжирдэнэ.
Ингэж муур хулгана болж тоглосоор эцэстээ нэг юм гэрээ анхны ёсоороо хэрэгжих болов оо. Гэтэл үүнд эгдүүцсэн улс төрчдийн аазгай, хөвчирсөн их сэрэл одоо ч тавигдаагүй хэвээрээ. Шинэ нисэх буудал төрийнх биш, улс төрчид ямар ч шахаа хийж чадаагүй, аль ч даргын ашиг сонирхол шингээгүй хэрнээ үлэмж том бас ашигтай төсөл учраас тэр хэмжээнийхээ янаглалыг улс төрчдөөс хүртэх учиртай.
Шинэ нисэхэд эхний цохилтыг ШӨХТГ-аас өглөө. Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж 6.2 сая төгрөгөөр торгож, 208 сая төгрөг хураалаа. Хэвлэл мэдээллээр энэ дээрмээ ичих ч үгүй сурталчилж, мөнөөх чөлөөт сэтгүүлчид маань төр засагтай нийлээд гадаадын хөрөнгө оруулалттай энэ аж ахуйг балбаж гарах аж. Ер нь манай сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө нэхэхдээ улс төрчдийг “”барьж идэх” шахдаг. Гэсэн атлаа чөлөөт эдийн засгийн амин сүнс болсон хувийн хэвшлийг тонон дээрэмдэхэд улс төрчидтэй нэг тал болчихдог хачин зуршилтай. Зүй нь чөлөөт хэвлэл ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж байж л оршин тогтноно. Гэтэл чөлөөт нийгмийг бүтээгчдээ төртэйгээ нийлж жигшүүлдэг гаж донтой болчихсон нь манай сэтгүүл зүйн том гажуудал. Их замын дээрмийн суртлын үүргийг зарим талаараа гүйцэтгэж яваагийн нотолгоо юм.
Шинэ нисэх буудал өрсөлдөөний тухай хууль зөрчиж үнэ ханшаа хянуулаагүй гэх үндэслэлээр тэднийг ийнхүү торгосон юм байх. Монголд хөрөнгө оруулж байгаа хэн бэ гуай ч өрсөлдөөний тухай хуулиа уншиж судалсан байх ёстой. Мэдэхгүйгээсээ болж алдвал сануулж залруулдаг ээлтэй зохицуулалт манай хуулинд байхгүй. Шууд л торгоно, цагдана. Зөвхөн өрсөлдөөний хууль төдийгүй хэн ч, хэзээ ч, ямар ч үндэслэлээр торгож болзошгүй гэдгийг анхаарч хөрөнгө оруулагчид Монголын 600 гаруй хуулийг уншихад ер нь гэмгүй. Монгол бол ардчилсан чөлөөт эдийн засагтай улс. Гэхдээ бусад ардчилсан улсад жам ёсоороо тайлбаргүй мөрдөгддөг эрх чөлөөний зарим нь байхгүй. Жишээлбэл та ямар ч зах зээлийн эдийн засагтай улсад барааны үнээ чөлөөтэй тогтоож болно, харин Монголд бол болохгүй гэх мэт. Шинэ нисэхийг тойрсон хуучин найзуудын их замын “бариа” үүгээр дуусахгүй. Татвар, мэргэжлийн хяналтаас архив, гал түймэр хүртэл жил тойрсон хяналт шалгалт усграад хүлээж байгаа. Төрөөр дүүрэн хяналт шалгалт, төрөөр дүүрэн хулгай. Хоржоонтой энэ зүй тогтол бол хувь тавилангийн шоглоом юм.
ДАБЛ СТАНДАРТ
Ингэхэд Буянт-Ухайг торголоо гэж бид дуулсан билүү? Шээс ханхалсан төмөр замын вокзалд мэргэжлийн хяналт акт тавьдаг бил үү? Ер нь төрийн өмчит ямар компанийг торголоо? гээд бодохоор санаанд буух нь үгүй. Нэг бол төрийн өмчтүүд хууль, стандартаа маш сайн баримталдаг, үгүй бол тэдэнд дабл стандарт үйлчилдэг л гэсэн үг. Стандарт нормоо ягштал баримталдаг юм бол үе үе тасардаг цахилгаан, зун болгон хясдаг халуун ус, зам дээр шатчихдаг тралейбус, төв цэвэрлэх, түлшний үйлдвэр, налайхын уурхайн хүний амь авсан ослуудыг яаж тайлбарлах вэ? Ийм хэмжээний осол аваар гаргавал хувийн хэвшлийнхэн ёстой л хоосоо шахуулна. Харин төрийнх бол энэ гэсгээлд хэзээ ч өртөж байсангүй.
Өмчийн хэлбэрээс хамаарч дабл стандарт тогтсон нь манай эдийн засгийн эрүүл хөгжлийг царцааж, юм хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг мохоож, хувийн хэвшлийн өсөж өндийх замд том хар хад тээглүүллээ. Монголын хөдөлмөрлөх хүчний үлэмж хэсэг их замын дээрмийн бүлэгт нэгдлээ. Жинхнээсээ баялаг бүтээх салбарт ажиллах хүн олдохгүй хэрнээ төрийн алба, төрийн өмчтийн захирлын ширээн дээр анкет овоолоостой. Сонгуулийн ухуулагчаас, ах дүү амраг садангаа хүртэл ямар ч шалгуургүй томилж бага бүтээмж, сул цалин, тансаг хангамжаар эрхлүүлдэг яндашгүй эрдэнэсийн сав төрийн өмчит компаниуд боллоо. Ердөө жилийн өмнө 50 мянга байсан төрийн өмчтийн орон тоо ганцхан жилийн дотор 60 мянгад хүрлээ. Гэсэн атлаа тэд хувийн хэвшлээс 2-10 дахин бага бүтээмжтэй ажилладаг. Өдгөө төрийн өмчтүүд ДНБ-ын 90 хувьтай тэнцэх хэмжээний буюу 40 их наяд төгрөгийн өртэй. Ийм дампуу тогтолцоо байсаар байтал зах зээлийн өнгөтэй өөдтэй болгоныг төрийн мэдэлд авах их аян тасралтгүй өрнөсөөр. Дөрвөн жилийн өмнө 70 байсан төрийн өмчит компани өдгөө 115-д хүрчээ. Үүнд орон нутгийн өмчит компаниудыг нэмбэл 400 хол давна. Монголд ашигтай бүх бизнесийг төр хураан авч байна. Төрийн оролцоогүй салбар гэж үлдсэнгүй. Томоохон уул уурхайгаас эхлээд зочид буудал, зоогийн газар, хурмын ордон, жуулчны бааз хүртэл төрийн мэдэлд байна. Эцэстээ бид яг ардчилсан улс мөн үү? гэдгээ нэг сайн бодох хэрэгтэй боллоо.
Өдгөө улсын төсөв ДНБ-ийн бараг 50 хувьтай тэнцээд ирлээ. Чөлөөт зах зээлийн 50 хувийг төр эзэлж, тэр хэмжээгээрээ хувийн хэвшлийн орон зайг булааж байна л гэсэн үг. Монголд юм хийж бүтээсэн дор бол дээрмийн бүлэгт нэгдсэн нь хамаагүй дээр болчихлоо. Бид баялаг бүтээгчдээ дээрэмдсээр өгөх юмгүй болтол нь сөхрүүллээ. Одоо гадаадын хөрөнгө оруулагчдаа дээрэмдэх ажилд гаршиж байна. Ирээдүйн өв сан гэх мэтээр эхнээсээ хүүхдүүдээ дээрэмдээд эхэлсэн. Яван явсаар бид улсаараа дээрэмчин бүгд нэг тал болох нь ээ. Дээрэмдүүлэх хүн харин үлдэх нь үү?
Г.Мөнхсүх