Ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй байнгын ажил хайгч иргэдийн хувьд өнөөдөр чухал өдөр. Чухал хэмээн онцлохын учир нь, ХБИ ажил олгогчдыг зорих бус ажил олгогчид өнөөдөр өөрсдөө тэднийг ажлын байраар хангахаар цугларав. “Ээлтэй экспо-2021” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт 45 орчим аж, ахуйн нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хангаж өгөхөөр нэгдсэн нь энэ юм.
“Ээлтэй экспо” арга хэмжээ үүднээсээ эхлээд л хөдөлмөр “үнэртэнэ”. Эгнүүлэн тавьсан ширээнүүдэд ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч, өөрийн бүтээмж, чадвараа бүтээл болгож буй иргэд үзэсгэлэнгээ дэлгэсэн байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрт ээлтэй байгаагийн тод жишээ хэмээн үзэсгэлэнд оролцогчдийг харж болохоор байв.
“ХБИ-ий хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрх, үүрэг зэрэг асуудал нь манай нийгмийн үндсэн гол шалгуур”
Нээлтийн ая хангинаж, албаныхан нэг л зүйлийг дуу нэгтэйгээр хэлж байв. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт гэх сэдвийг нэг өдөр бус өдөр бүр ярьж хөндөх асуудал болохыг сануулсан явдал байсан юм. Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Үндсэн хуулиндаа бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилтыг дэвшүүлсэн байдаг. Хүмүүнлэг гэдэг нь дан ганц нийгмийн халамжийн аль эсвэл тусламж дэмжлэгт суурилсан үр шимээр хязгаарлагдахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, цаашилбал тодорхой эрх, үүргийн асуудлууд бол манай нийгмийн үндсэн гол шалгуур гэж хардаг. Ажлын байрны асуудал бэрх биш ээлтэй байх ёстой. Ажил руугаа очих зам харгуй ч бэрх биш ээлтэй байх ёстой гэх санааг илэрхийлж байгаа болов уу.
Төр хувийн хэвшил хамтарч тодорхой үр дүнд хүрч болдгийг бид өнгөрсөн хугацаанд ч харсан. Иймд зарим шийдлүүд дээр нэгдэж чадаж байгаа шигээ цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийх болно гэдгийг хэлье. Гэхдээ энэ бол дан ганц төрийн захиргааны байгууллагын үүрэг гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийн байгууллагуудын манлайллаас шалтгаалах зүйл юм” гэв.
Монгол улсын хэмжээнд 108399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас хөдөлмөрийн насны 90374 иргэн байна. Үүнээс 13634 орчим нь л хөдөлмөр эрхэлдэг. Гэхдээ хүсэл сонирхол нь байвч “бэрх” асуудал, ээлгүй ажил олгогчидтой таардаг иргэд цөөнгүй. Тэгвэл өнөөдрийн экспод хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт ба тэгш эрхийн үзэл санаанд нэгдсэн ажил олгогч байгууллагуудын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
ОЮУ ТОЛГОЙ: ХБИ-ий хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн бодлогыг хөрсөн дээр буулгахад хамтын ажиллагаа чухал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уул уурхай, хүнд механизм чиглэлийн байгууллагууд ажиллуулахаасаа цааргалдаг талаар албаныхан мэдээлж байсан удаатай. Тэгвэл өнөөдрийн экспод “Оюу толгой” ХХК-ийн ажил олгогч ирсэн байв. “Оюу толгой” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон “Манай компанид өнөөдрийн байдлаар 18 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Төслийн хэмжээнд “Оюу толгой” компанийн гэрээт компаниудаа оролцуулж, 90 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхэлж байна. Өнөөдрийн экспод татварын зөвлөх, цахилгаан нарийн хэмжүүрийн засварчин, засварын хуваарь гаргагч, уул уурхайн инженер гэх дөрвөн нээлттэй ажлын байр зарласан байгаа.
Уул уурхай хүнд үйлдвэрийн салбар гэдэг утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын талбар дээр очоод ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг. Гэхдээ бидний зүгээс ур чадвар нь байхад тухайн иргэнийг ажлын байрны тохируулга хийх, хэрэгтэй сургалтаар хангах гэх мэтчилэн боломжуудыг хангаж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн тал дээр баримтлах бодлогыг хөрсөн дээр буулгахад хамтын ажиллагаа чухал” гэв.
АПУ: ХБИ-ийг ажиллуулахад ажил олгогч аюулгүй орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй
Дараагаар “Апу” ХХК-ийн хүний нөөцийн менежер Б.Нандинжаргал “Апу” компани группынхээ хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллахыг чухалчилж үздэг. Хөдөлмөрийн тухай хуульд заасан квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар өнөөдрийг хүртэл хангаж ирсэн. Ажлын байран дээр тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийн чадвараа алдсан хувь хэмжээнд нь тохируулан ажлын байраар хангах нь чухал. ХБИ-ийг ажиллуулахад ажил олгогч аюулгүй орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэлээ.
“Бид нийгэм дээр гарч, хөл нийлүүлж алхаж байж л нийгэм маань өөрчлөгдөнө”
Иргэн Х.Соёлдэлгэр “Хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо хойш олон газар ажилласан. Өнөөдрийн экспод өөрийн мэргэжлийн ажлын байр сонирхохоор ирсэн. Би эдийн засагч мэргэжилтэй, хүний нөөцийн чиглэлээр Удирдлагын академи дүүргэсэн.
Урьд нь бэртэхээсээ өмнө банкинд ажилладаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч буцаад банк санхүүгийн салбарт ажиллахаар хандаж, анкет шалгалтдаа тэнцсэн. Гэвч ярилцлагад ороод татгалзсан хариу авч байсан. Тухайн үед ажиллах орчин нөхцөл нь татгалзсан хариу өгөх шалтгаан нь болсон. Үүнээс харахад, мэдлэг боловсролыг нь эзэмшсэн боловсон хүчин ХБИ дунд байна. Гэхдээ ажиллах орчин нөхцөл, ажил олгогчид түүнийг нь бүрдүүлэх боломжийг эрэлхийлэхгүй байгаагаас ХБИ ажилд орж чаддаггүй байдал байсаар байгаа юм болов уу гэж бодож байна.
Ажил олгогчид ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу. Ажлын байран дээр ХБИ ажилуулж үзсэн байгууллага л цаашид өөр хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг ажлын байраар хангадаг.
Сурч мэдсэн зүйлээ ашиглаарай гэж залуустаа хэлье. Нэг үеэ бодвол нийгэм маань нээлттэй болсон байна. Залуус маань ч соёлтой болсон байна. Бүх зүйлийг эерэг талаас нь хардаг болсонд баярлаж байгаа. Ийм нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрийгөө гололгүй нээлттэй байгаарай. Бид нийгэм дээр гарч, хөл нийлүүлж алхаж байж л нийгэм өөрчлөгдөх байх гэж боддог” гэв.
"Бэрхшээлд нь тохирсон ажлын байрыг санал болгох нь чухал"
Иргэн Б.Амгаланбат “Гэртээ байхаас өөрийнхөө чадах зүйлээр хөдөлмөрлөж, хамт олонтой байсан нь зүгээр юм болов уу гэж боддог учраас өнөөдрийн экспог зорьсон. Манай гэр хол учраас гэртээ ойр аль эсвэл ажиллах цаг уян хатан байхаар ажилд орох сонирхолтой байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тухайн хүний бэрхшээлд тохирсон ажлын байрыг санал болгох нь чухал болов уу” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэн ажлын байртай болов
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготойгоор "Ээлтэй экспо-2021" арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөсөн юм. Ийнхүү өөрт тохирсон ажлын байрын талаар мэдээлэл авч, танилцсан 40 ХБИ хөдөлмөр эрхлэх боломжтой болов.
Ажлын байртай болно гэдэг дан ганц цалин авч суухын нэр биш юм. Хөдөлмөр түүний үр шимийг мэдрэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн зөв, эерэг хандлагыг хамт олон дундаас эхлүүлэх боломж хэмээн харж байна. Товхондоо, өнөөдөр ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бусадтай адил хөдөлмөрлөж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийн "хаалгыг" татсан явдал болж өндөрлөв.