Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дэлхий дахинд дэгдээд буй омикрон хувилбар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Тухайн улс оронд омикрон хувилбар бүртгэгдсэн бол тухайн улсын иргэнийг хүлээж авахгүй байх болон өөрсдийн иргэнийг хүлээж авахдаа 10 хоног тусгаарлан энэ хугацаанд хоёр удаа PCR шинжилгээ авах зохицууулалтыг дэлхийн улс орнууд хийж байна. Үүнтэй зэрэгцэн дархлаа сэргээх гурав дахь тунг улс орнууд идэвхжүүлж байна.
АНУ болон Их Британид гурав дахь тунг 40-өөс дээш насныханд хийдэг байсан бол 18-аас дээш насны бүх иргэддээ хийхээр болж байна. Мөн хоёр болон гурав дахь тунгийн хоорондох зайг гурван сарын хугацаа болголоо.
Манай улсын хувьд хилтийн боомтуудад нэмэлт тандалтын багууд гаргаж, шинжилгээ авснаар иргэдээ нэвтрүүлж байгаа. 11 дүгээр сарын 28-наас хойш 1040 хүн ирсэн байна. Эдгээрээс хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн ба энэхүү хоёр иргэнийг ХӨСҮТ-д хүргэж сорьцыг шинэчлэхэд нэг иргэнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүн нь үгүйсгэгдсэн" гэв.