Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн. Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэнтэй холбогдуулан албан өрөөнд нэгжлэг хийсэн юм.
Улмаар шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд тус хугацаа энэ сарын 18-ны өдөр дууссан тул Д.Хаянхярвааг сулласан байна.
Энэ талаар шүүхээс тодруулахад "Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн" хэмээлээ.