Австри Улс ирэх даваа гарагаас эхлэн 10 хоногийн (шаардлагатай бол нэмэлт 10 хоног) хугацаатай хатуу хөл хориог улс даяар тогтоохоор болжээ. Тус улсын халдварын тархалтын нөхцөл байдал хүндэрч байгаа тул Ковид-19 вакциныг шаардлагатай бүх хүмүүст заавал хийлгэх Европ дахь анхны улс болох төлөвлөгөөтэй байгаа талаар Канцлер Александр Шалленберг мэдэгдэв.
Тухайлбал ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн шаардлагатай иргэн бүрт вакцин тариулахыг хууль ёсоор шаардах аж. Австри Улсын нийт хүн амын 66 хүрэхгүй хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан бөгөөд энэ нь Европын Холбооны орнууд дунд хамгийн бага үзүүлэлттэй орнуудын тоонд орж байна.
Улс даяар тогтоох хөл хорио даваа гарагт эхэлж, хамгийн багадаа 10 хоног үргэлжлэх бөгөөд цаашид 10 хоног сунгаж магадгүй гэж Шалленберг мэдэгдсэн байна.
Тэрбээр "Бид тав дахь давалгааг хүсэхгүй байна. Бид зургаа, долоо дахь давалгааг ч хүсэхгүй байна" гэжээ.
Эх сурвалж: CNN