Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан байдаг. Уг хэргийг Тагнуулын Ерөнхий газраас шалгаж эхлээд байгаа юм.
Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр ТЕГ-аас мэдээлэл өгөв.
Тодруулбал, "2.3 сая иргэний мэдээлэл алдагдсантай холбоотой хэргийг ТЕГ холбогдох газрынхаа шугамаар ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Эргэн сануулахад, уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байна.