УИХ-ын гишүүн Э.Батшугар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр нэгэн ноцтой зүйл ярьсан. Тодруулбал, тэрбээр хуулийн байгууллагын ажилтнууд гадны хакерын компаниас хүн хөлслөн Монголын төрийн байгууллага руу нэвтэрсэн тухай мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугар "2013 онд би Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед АТГ-ын ажилтан гадны тусгай үйл ажиллагаа явуулдаг байгууллага хөлслөөд миний компьютерт нэвтэрсэн байдаг. Хакердсан. Энэ мэдээлэл өнгөрсөн жил ил болсон. Мэдээллийг харахад "Э.Батшугар гэдэг хүний компьютерт нэвтэрсэн байна. Удирдаж чадахгүй байна. Яаж удирдах вэ" гэсэн байсан. Монголбанкны дэд бүтэц ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар хамгаалдаг. Гэтэл өөр нэг төрийн байгууллага нь гадны байгууллага хөлслөөд хакердуулдаг. Одоо Монгол иргэдийн мэдээлэл гадаадын сайтуудад 700 доллараар зарагдаж байна гэх мэдээлэл яваад байна. Үүнийг яаж засах вэ. Кибер аюулгүй байдлын хуульд заасан уу. Монголын төрийн байгууллага гадаадын байгууллага хөлслөөд дотоодынхоо өөр нэг байгууллага руу нэвтэрч болдог юм уу. Нөгөө байгууллага нь бас тагнуулаас хамгаалагдаж байдаг. Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна шүү" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хэн ямар зөвшөөрөлтэйгөөр, ямар хууль тогтоомжийн дагуу Монголбанкны дэд ерөнхийлөгчийн компьютерт халдсан бэ. Түүнээс ямар үр дүн гарсан бэ. Хуулийн бус үйлдэл бол энэ хүнд ямар хариуцлага тооцох талаараа хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулна уу.
Хэрэв гадны компаниудаар дамжуулан Монголбанкны цахим сүлжээнд орсон бол төрийн аюулгүй байдалд хандаж байна гэсэн үг" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
ТЕГ "2013 онд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ хараахан байгуулагдаж дуусаагүй байсан. Тиймээс Монголбанк тагнуулын байгууллагын хамгаалалтад ороогүй байсан. Хэрвээ Гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдсэн бол үүнийг прокурорын байгууллагад гомдол гаргах боломжтой" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад Монголбанк мэдээж хамаарна. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага" хэмээн хариулсан билээ.