УИХ-ын чуулганаар "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан үг хэллээ.
"Монгол, Оросын УБТЗ ХНН-ийг Монгол Улсад шилжүүлж авах талаар гишүүд яриад байна. Ингэж болохгүй. Энэ бол Орос-Монголын харилцаанд үлдсэн ганц хамтарсан томоохон ААН бол УБТЗ. Энэ төмөр зам Орос-Монголын харилцаанд эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой. Энэ замаар явж байгаа таранзит ачаа Улаанбаатар хотыг тэжээж байгаа.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед 2013-2014 онд хоёр улсын гэрээгээ зөрчөөд онцгой албан татвараар 73 тэрбумыг авсан юм билээ. Үүнийг та өөрөө тайлбарлах байх. Бид өөрсдөө далжгараасаа болж гүйж очоод болох, болохгүй баахан зүйл амладаг. Хамгийн сүүлд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очоод үүнийг тохирсон. Дүрмийн сангаа нэмэгдүүлье гэж тохирсон байсныг өнөөдөр улс төржүүлээд байж болохгүй. Бид УБТЗ-аас ашгийг нь хүртээд эргээд ОХУ-ыг хулхиддаг" гэв.