Ерөнхий сайд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлийг өгсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэмэлт дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг иргэд олон нийтэд хүргэх арга хэмжээг үе шаттайгаар авсаар буй. Үүний дүнд сүүлийн өдрүүдэд дархлаа сэргээх тунд хамрагдах иргэдийн тоон үзүүлэлт өссөн болохыг мэргэжлийн байгууллагууд өгч байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар хүн амын 16 хувь нь хамрагдаад байгаа юм.
Халдварын оргил үед эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, хүрэлцээгүй байдлаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол үүсч байсан цаг үе саяхан. Энэ байдлаас халдварын тохиолдол ба эмнэлгийн орны нөөц, ачаалал шууд холбоотой болохыг харж болно. Харин дельта хувилбарын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар тунг хийж эхлүүлсэн нь коронавируст халдварын оргил үед үүсч байсан эрсдлүүдийг багасгахад бодитой дэмжлэг болсон тухай мэргэжлийн албадууд хэлж байна.
Товчхондоо, хүн амын 16 хувь нь III тундаа хамрагдахад эмнэлгийн орны ачаалал 40 хүртэлх хувиар буурлаа. Эмнэлэгт хүнд, хүндэвтэр хэлбэрийн өвчтөнг хэвтүүлж буй. Эмнэлэгт хэвтэлт буурна гэдэг нь хүндрэх эрсдэлтэй хүний тоо багассан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын дүнд өөрийгөө болон өрөөлийг хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулах боломжийг атгаж байна.
Тэгвэл вакцинжуулалт эхэлснээс хойш хугацаанд орны нөөц, ачаалал хэр төвшинд очсон талаар албаныхан ЮУ ХЭЛЭВ?
"Хүнд, хүндэвтэр хэлбэрийн оноштой өвчтөнүүд ор хүлээлгүй эмнэлгийн тусламж авч чадаж байна"
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд: Өнгөрөгч наймдугаар сарын 16-наас эхлэн манай улс дархлаа сэргээх нэмэлт тунг хийж эхэлсэн. Халдварын гурав дахь давлагааг дельта хувилбараар үүсгэгдсэн хэмээн үзэж байна. Шинжилгээнд эерэг илэрч буй сорьцийн 90 гаруй хувь нь дельта вирус байгаа. Вакцины нэмэлт тунг хийж буйн үр дүнд халдварын тохиолдол өдрөөс өдөрт буурч байна. Үүнтэй холбогдуулан эмнэлэгүүдэд ирж буй ачаалал ч тодорхой хэмжээнд багасаж байгааг хэлэх нь зүй.
Ор зохицуулах баг ажиллахын сацуу нэмэлт тунгийн дархлаажуулалт эхэлж, тохиолдлын тоо буурч байгаа зэргээс хамаарч эмнэлгийн ачаалал харьцангуй тогтворжиж байгаа юм.
Мөн гэрийн ажиглалтад байгаа иргэдийн тоо ч цөөрч байна. Хоёр 7 хоногийн өмнө гэхэд л гэрийн ажиглалтад байгаа өвчтөний тоо 50 мянга давж байсан бол өнөөдрийн байдлаар 20 мянга орчим байгаа. Энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурсан. Хүнд, хүндэвтэр хэлбэрийн оноштой өвчтөнүүд ор хүлээлгүй эмнэлгийн тусламж авч чадаж байна.
"Өдөрт 500-700 хүнд өвчтөнг хуваарилан хэвтүүлж байсан бол одоогийн нөхцөлд энэ тоо 150 болтлоо буурсан"
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Манай улсад гуравдугаар тунгийн хамралт нийт хүн амын 16 хувьд хүрсэн байна. Иргэдийн идэвх ч сайжирч байна. Иргэдийн идэвх сайжирч байгаа шалтгаан нь тунгийн ач холбогдлыг бодитоор харж байгаатай холбоотой болов уу.
Тухайлбал, гуравдугаар тунд хамрагдсан иргэн хавьтал болсон ч халдвар авахгүй байна, хүндрэх эрсдлээс хамгаалж байна гэх мэт. Чухамдаа гуравдугаар тунд хамрагдсанаар тухайн хүн зөвхөн өөрийгөө хамгаалж байгаа хэрэг биш юм. Вакцингүй бүлэг, халдвар авбал хүндрэх эрсдэлтэй бүлгийн иргэдийг хамгаалж байгаа хэрэг.
Орны ачаалал 40 орчим хувиар буурлаа. ЭМЯ-ны дэргэдэх ор зохицуулах баг өдөрт 500-700 хүнд өвчтөнг хуваарилан хэвтүүлж байсан. Одоогийн нөхцөлд энэ тоо 150 болтлоо буурсан үзүүлэлт харагдаж байна. Үүнээс харахад гуравдугаар тун тохиолдлын тоо, хүндрэх эрсдэл, нас баралтыг бууруулж байна гэсэн үг. Дельта хувилбарын үед гуравдугаар тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай.
"Хүнд, хүндэвтэр хүмүүсийг шууд хэвтүүлж эмчилсэн нь үр дүнгээ өгч байгаа"
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ор зохицуулалт хийдэг. Гэвч сүүлийн үед зарим дэлгэсэн орыг цөөлж, үндсэн тусламж, үйлчилгээ рүү шилжүүлж байна. Шаардлагатай бол буцаагаад дэлгэх юм.
Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурсан. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна.
Дэлхий дахинд хөнгөн хүмүүст гэрийн нөхцөлд хяналт, эмчилгээ хийж байгаа. Өндөр настан, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт дараалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж буй юм. Хүнд, хүндэвтэр хүмүүсийг шууд хэвтүүлж эмчилсэн нь үр дүнгээ өгч байгаа.
"Вакцинжуулалтын үр дүнд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо буурсан"
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727 болтлоо буурсан. Энэ нь шинээр илрэх тохиолдлын тоо буурсантай холбоотой.
Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна.
Үүнийг дагаад,
- маш хүнд хүний тоо 37 хувиар,
- хүнд хүний тоо 40 хувиар,
- хүндэвтэр хүний тоо 30 хувиар,
- хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурчээ.
Халдварын оргил үед коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан. Энэ бол өнөөдөр 50 хувиар буурсан нь сайн үзүүлэлт болж байна.
Түүнчлэн, Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтын түвшин буурч байгаа үзүүлэлт бий. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 27-ноос ор зохицуулалтын баг ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш халдварын улмаас гэртээ нас барсан тохиолдол гараагүй. Мөн өдөрт 700 орчим хүн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ангилалд байсан бол сүүлийн долоо хоногт 120-130 болж буурлаа. Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө гэж харж байна.