Төрийн алба болоод хувийн хэвшлийн байгууллагад ажилд орохын тулд ажлын анкет бөглөх шаардлага гардаг. Анкет нь ажил горилогч, боломжит ажил олгогчид өөрийн мэдлэг, туршлагаа таниулах ашигтай хэрэгсэл болдог. Гэвч ажлын анкетад хүмүүсийн тэр бүр анзаардаггүй магадгүй анзаарсан ч зайлшгүй шаардлагаар хариулдаг, хүний суурь эрхийг зөрчсөн байж болзошгүй утгатай асуултууд агуулагддаг байна. Жишээлбэл, тухайн иргэний хүйс, эцэг эхийн одоогийн эрхэлдэг ажил алба гэх зэрэг зүйлсийг багтаадаг байна. Мөн дээрээс нь тухайн иргэний хувийн бүхий л мэдээлэл, гэр бүлийн байдал, гэрийн хаяг зэргийг багтааж байдаг нь ч эргээд мэдээллийг аюулгүй байдалтай холбоотой ноцтой үр дагвар үүсгэж болохыг мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.
Энэ сэдвийн хүрээнд анкетын стандарт, агуулгын талаар Монгол улсын төрийн албаны зөвлөлийн сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга Л.Санжрагчаатай ярилцлаа.
-Сайн байна уу. Төрийн алба болон хувийн хэвшлийн байгууллага ажилд горилогчоор ажлын анкет бөглүүлдэг. Энэ анкетад тавигдах тодорхой стандарт байдаг уу?
-Анкет бол төрийн албаны зөвлөлөөс уламжлагдаж ирсэн бичиг. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь тухайн ажилтныг төрийн албанд томилогдсон үеэс хөтлөгддөг баримт бичиг. Энэ нь зөвхөн нэг л хувь байдаг. Төрийн албанд ажилласан нийт хугацааны намтар, түүх болон үлддэг.
-Ажлын анкетад тухайн ажил горилогчийн үндэс угсаа, эцэг эхийн эрхэлж буй ажил, хүйс зэргийг ямар үндэслэлээр асуудаг вэ?
-Анкет нь тухайн хүний төрийн алба хаагчид тавигдах шаардлагыг хангасан эсэх, мэдлэг туршлага, бусад нийтлэг шаардлагыг тодорхойлдог. Мөн хувийн мэдээлэл багтана. Энэхүү хувийн мэдээлэлд иргэний үнэмлэхэд байх мэдээллийг оруулж өгсөн байдаг. Эдгээр нь төрийн албан хаагчийн цаашдын ажлын болоод мэргэжил ур чадварыг үнэлэхэд хэрэглэгддэг. Түүнээс гадна төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь төрийн албаны хүний нөөцийн удирдлагын төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд баримт болдог. Төрийн албанд хэдэн эрэгтэй эсвэл эмэгтэй албан хаагч байгаа талаар статистик мэдээ гаргахад хэрэглэгддэг. Харин гарал үүслээр мэдээлэл гаргадаггүй гэж ойлгож болно. Хувийн хэрэг дэх мэдээлэл нь тухайн хүнийг үнэлэх анхан шатны баримт бичиг болдог.
-Иргэний үнэмлэхийн тодорхойлолтод эцэг эхийн ажлын талаарх мэдээлэл байдаггүй, энэ нь анкетад ямар үндэслэлээр ордог вэ?
-Төрийн албан хаагчийн анкет дотор тухайн хүнийг төрөх үед эцэг эхийн эрхэлж байсан ажлын мэдээллийг оруулдаг. Өөрөөр хэлбэл хувь хүний болоод эцэг эхийнх нь намтар болж байгаа юм. Энэ бол уламжлагдаж ирсэн өгөгдөл.
-Уг анкет шинэчлэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Агуулгын хувьд өөрчлөлт орж байгаа юу?
-Төрийн албан хаагчийн анкет шинэчлэгдэж байгаа. Шинэчлэгдэхдээ хувийн хэргийг хөтлөхөд төрийн албан хаагчийн өөрийнх нь хүлээх үүрэг, төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж ажилтны хүлээх үүрэг, байгууллагын даргын хүлээх үүрэг зэргийг илүү тодорхой болгож байна. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх түүнийг баяжуулахтай холбоотой асуудлыг тодотгож байгаа. Одоогийн журмаар анкет А, В гэсэн хоёр хэсэгтэй. Үүнийг нэгтгэж байгаа.
-Үндэс угсаа, эцэг эхийн эрхэлж буй ажил, хүйс зэргийг тухайн ажил горилогч хувийн нууцад халдаж байна гэж үзсэн тохиолдолд үүсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, заавал хариулах ёстой юу?
-Энэ бол төрийн албан хаагч болоход тавигдаж буй стандарт баримт бичиг. Өмнө хэлсэнчлэн тухайн хүний иргэний үнэмлэх дэх мэдээллийн дагуу боловсруулагддаг. Хувь хүний нууц бол хадгалагдана. Хүний хувийн хэрэгтэй танилцах эрх нь байгууллагын эрх бүхий хүний нөөц хариуцсан албан тушаалтан мөн тухайн хүнд өөрт байна. Түүнээс хүссэн хүн нь төрийн албан хаагчийн мэдээлэлтэй танилцах боломжгүй.
-Төрийн албан хаагчийн анкет ямар хууль эрх зүйн актын хүрээнд боловсруулагддаг вэ?
-Хувийн хэрэг хөтлөхөд нууцын тухай хууль, төрийн албан хаагчийн тухай хууль бусад холбогдох хууль журмуудаар зохицуулагддаг.
-Ажлын анкетад хүйсийг тодорхойлохын тулд эрэгтэй эсвэл эмэгтэй гэсэн хоёр сонголт л байдаг. Хэрэв тухайн хүн үүнийг тодорхойлохыг хүсээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Анкет нь тодорхой хууль тогтоомжоор батлагдсан эрх зүйн акт учир тэр хүрээнд мэдээллийг бөглөх үүргийг хүлээнэ.
-Бэлгийн чиг хандлагаа тодорхойлох хүсэлгүй байгаа хүн анкетад заасан хүйсийн чиглэлийн аль нэгийг сонгохоос өөр боломжгүй гэсэн үг үү?
-Тийм. Анкетад зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийг заасан түүнээс сонгоно.
-Бидний ярилцсан сэдвийн хүрээнд иргэдээс ирсэн гомдол байдаг уу?
-Иргэн хүн аль ч төрийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Харин энэ сэдвийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд ямар нэг өргөдөл гомдол ирж байгаагүй.
-Өмнө нь ирж байсан гэсэн үг үү?
-Миний хувьд энэ ажилд ороод хоёр жил болж байна. Энэ хугацаанд ирээгүй, өмнөх мэдээллийг сайн мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Мөн манай улс хүний эрхийн талаарх 18 гэрээний 17-д нь орсон дэлхийн 10 улсын нэг. Мөн НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн байна. Эдгээрээс харах юм бол үнэхээр хүний эрхийг дээдэлдэг орон мэт харагдаж байна. Гэтэл энэ бүх гэрээ конвенц цаасан дээр бичигдэхээс илүүтэй бодит байдалд ажил хэрэг болж байгаа нь эргэлзээ дагуулсаар байна.
"Эцэг эхийн ажил, албан тушаалыг тодруулах бүхий асуулттай анкет бөглүүлж байна гэдэг нь тухайн байгууллага хүний эрхийн мэдрэмжгүй байгаагын илрэл мөн"
Хуульч П.Эрхэмбаяр “Ардчилсан үндсэн хуульт улс орны хувьд хүний эрх, эрх чөлөө гэдэг нь маш өргөн хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл хүн эхээс төрөхдөө заяагдмал эрхтэй төрдөг. Энэ эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрхэн хамгаалж байгаагаар тухайн улсын хүний эрхийн индекс тодорхойлогддог. Тухайн хүн ямар албан тушаал эрхэлдэг, ямар гарал угсаатай байхаас шалтгаалж давуу эрх үүсэх ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-т зааснаар “Монгол улсад хууль ёсоор оршин сууж буй хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэх заалтаар баталгаажиж байдаг. Эрх тэгш байдал гэдэг нь хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал үүсэл, эрхэлсэн ажил, хөрөнгө чинээ, албан тушаал, шашин шүтлэг, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг үндсэн хуульд зааж, баталгаажуулсан байдаг. Гэвч бодит байдалд энэ хуулийн заалт хэрэгжихгүй тохиолдол олон байна.
Ажлын анкетад хүний гарал, үндэс угсаа, хүйс, эцэг эхийн ажлын тодорхойлолтын мэдээллийг шаардаж байна гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаар хүнийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн үг. Энэ нь тус хуулийн зүйл заалттай нийцэхгүй байна.
Тухайн хүний бэлгийн чиг баримжаа ямар ч байж болно. Хуульчийн зүгээс харахад анкетад хүний хүйсийг тодорхойлох асуулт байгаа нь дээрх 14.2-р заалтыг зөрчиж байна. Харин ажил олгогч байгууллагын зүгээс тодорхой шалтгааны улмаас хүйсийг тодорхойлох шаардлага үүсч болохыг үгүйсгэх аргагүй. Жишээлбэл, хүнд нөхцөлд ажиллах гэх мэт шалгуураар дээрх асуултыг тавьж болно. Бусад нөхцөлд хүний хувийн нууц, орон зай, эцэг эхийн ажил, албан тушаалыг тодруулах асуулттай анкет бөглүүлж байна гэдэг нь тухайн байгууллага хүний эрхийн мэдрэмжгүй байгаагийн илрэл мөн. Хүний заяагдмал эрхийг төр үндсэн хуульдаа тунхаглаж өгсөн байна. Үүнээс уламжлаад хувийн хүний нууцын тухай хууль, эрүүгийн хууль бусад хуулиар энэхүү заяагдмал эрхийг хамгаалах ёстой байдаг.
Ажлын анкетад дээр дурдсан хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг асуултууд оруулах нь байж боломгүй үйлдэл мөн. Энэ хүрээнд ажил горилогч хувь хүний нууцад халдсан асуулт байна гэж үзсэн тохиолдолд холбогдох байгууллагуудад хандах хэрэгтэй. Тухайн мэдээллийг өгснөөрөө ялгаварлан гадуурхалтад орж болзошгүй. Манай иргэдийн хувьд төрийн байгууллагын араас хэл ам хийхээс айдаг, эрхээ зөрчүүлээд яваад л байдаг. Энэ байдал нь даамжирсаар байгууллагууд ажлын анкетдаа хүний эрхийг зөрчсөн үг өгүүлбэрүүдийг дур зоргоороо оруулж байна. Тиймээс энэ хүрээнд эрх зөрчигдсөн гэж үзэж байвал тухай бүрт нь шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай.
Хүний заяагдмал эрхийг сайн хамгаалж чадаж байвал тэр сайн төр, харин муу хамгаалж байвал муу төр. Ажилд ороход тухайн хүний мэдээллээс гадна гэр бүлийн хүний мэдээллийг авах нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Учир нь миний зөвшөөрөлгүйгээр манай гэр бүлийн хүн миний мэдээллийг өгч байна гэсэн үг шүү дээ. Тэр мэдээллийг тухайн байгууллага сөргөөр ашиглаж болзошгүй. Тиймээс ажлын анкет нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Монгол Улсаас гадаад орнуудад ажилладаг зарим иргэдээс ажлын анкет бөглөхөд тавигдах шаардлага болоод дээрх асуудалтай холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
Их Британи улсын Лондон хотод ажиллаж буй иргэн Л.Сайнбаяр “Энд ажил хийхийн тулд ажил олгогч компаниас ажиглалт хийдэг. Сайн ажиллаж байгаа тохиолдолд тухайн байгууллагадаа гэрээт ажилтнаар орох боломжтой. Миний хувьд хэд хэдэн газар ажлын анкет өгч байсан. Ерөнхийдөө эцэг эх гэр бүлийн гишүүдийн эрхэлдэг ажлын талаар мэдээлэл авдаггүй. Гадаад иргэн учир үндэс угсаатай холбоотой асуулт байдаг. Харин хүйсийн хувьд ихэвчлэн эр, эм, бусад гэсэн сонголттой байдаг. Монголтой харьцуулахад хүйсийн талаар хүмүүсийнх нь сэтгэлгээ баригдмал биш учраас энэ талаар тэр бүр асуудал үүсдэггүй гэж бодож байна” гэлээ.
БНСУ-д ажиллаж буй иргэн Б.Жаргалсүрэн “Ажлын анкет ойролцоогоор 10-аас дээш удаа бөглөж байсан. Үндэс угсаа, хүйс, эцэг эхийн ажлын газрын талаарх асуулт нь тухайн хүний ур чадвар болон ажлын туршлагатай үл хамаарсан асуултууд учраас хуучинсаг үр дүнгүй асуулт мэт санагддаг. Нэг талаараа үндэс угсаа, хүйс зэргийг асуух нь ажилд ороход ямар нэгэн байдлаар нөлөөлөх бол энэ нь хүйсийн эрх тэгш байдал болон сурч боловсрох, хүсч мөрөөдөх зэрэг хүний эрхийг хязгаарлаж байгаа нэг ёсны хүний эрхийг зөрчсөн асуудал гэж бодож байна. Солонгос улсад ажлын анкет өгөхөд гадны иргэн гэдэг утгаар иргэншил асуудаг. Бусад тохиолдолд хэт хувийн нууцад халдсан байж болзошгүй асуулт асуудаггүй” гэсэн юм.
Хүний эрхийг хамгаалах ёстой төрийн байгууллагууд нь наад захын ажлын анкетдаа хүний эрхийг зөрчсөн асуултууд тавьдаг байна. Гэтэл улстөрчид хүний эрхийн асуудал ярихаараа ихэвчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал, цуглаан хийх гэх мэт цөөн сэдвийн хүрээнд ярьдаг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар төрийн алба болон хувийн хэвшлүүдийн зүгээс ажил горилогчдоор бөглүүлдэг анкет нь хүний үндсэн суурь эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэйг хэллээ. Өөрөөр хэлбэл, бидний анзаарахгүй энэ мэтийн зүйлс дээр ч гэсэн хүний эрхийн ноцтой гэж хэлж болохоор зөрчил явсаар л байна. Үүнд анхаарал хандуулж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх цаг нэгэнт болжээ.