Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий "Мал мах-2021" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас шалган нэвтрүүлэх товчоодоор хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудыг байнгын болон хөдөлгөөнтөөр ажиллуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 16-наас 17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс 3 тооны үхэр нядлан хулгайлж авч явсаныг илрүүлэн ажилласан байна.
Хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.