Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт 84.2 хувьтай байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдээллээ.
Энэ өвөл баруун 5 аймагт 15.5 сая, төвийн бүсэд 30.5, зүүн бүсэд 12.4, говийн бүсэд 9.3 сая толгой мал өвөлжих бэлтгэл хангаад байна. Нийт 67.7 сая мал өвөлжих юм. Малчдын 10 хувь буюу 19 мянга нь 8.4 сая малтайгаа оторлоно. Энэ тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад малчин өрх 7.6, отроор өвөлжих малын тоо 9.3 саяар багасжээ.
Нийт малчин өрхийн 11 хувь нь өөр аймгийн нутагт, 22 хувь нь аймгийнхаа бусад суманд, 4 хувь нь сум дундын бүсэд, 15 хувь нь аймаг дундын тусгай хэрэгцээний, 15 хувь нь хилийн, 33 хувь нь байгалийн бүс нутагт өвөлжих аж.
Энэ жил гар болон инженерийн хийцтэй 655 худаг гаргаснаар 850.2 мянга га бэлчээрт 2700 малчин өрхийн 1,5 сая малын усан хангамжийг сайжруулжээ. Ингэхдээ улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр 72, орон нутгийн 1.3 тэрбум төгрөгөөр 84, гадаадын төсөл хөтөлбөрийн 5.5 тэрбум төгрөгөөр 310 худаг, малчдын гар худаг 189-өөр нэмэгдүүлсэн бгөөд нийт худгийн 92.4 хувийг ашиглаж байна.
Өнгөрсөн зун хур ихтэй, нийт нутгийн 80 хувьд зуншлага сайхан болсон. Бэлчээрийн даацын тухайд 42.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 25 хувь нь бэлчээрийн даац 3 дахин, 3.6 хувь нь даац 3-5 дахин, үлсдэн хувь нь 5-7 дахин хэтэрсэн судалгаа гарчээ.