Нийгмээрээ мэддэг хэр түүнийг асуудал болгон дэвшүүлж, шийдлийг нь хэлэлцдэг хэр бодит байдалд хэрэгжүүлэлгүй ирсэн асуудлын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Тэгвэл ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон бусад холбогдох сэдвийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Ц.Нямсүрэнтэй ярилцлаа.
-ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхлүүлье?
-2020 оны байдлаар Монгол Улсад 108399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 90374 нь хөдөлмөрийн насны хүн байна гэх тоон мэдээлэл бий. Эдгээрээс 13634 нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ нь хөдөлмөрийн насны иргэдийн 16.7 хувь юм. Тус үзүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх нь бидний хувьд тулгамдсан асуудал болж байна.
-Монгол Улсын Засгийн газар Жайка олон улсын байгууллагатай хамтран ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Хөтөлбөрийн хүрээнд ямар чиглэлээр зорилт тавьж ажиллаж байна. Хэрэгжилт ямархуу төвшинд байна вэ?
-Жайка олон улсын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн маш олон төрлийн үр ашигтай туслалцааг Монгол Улсад үзүүлсээр байгаа. Тухайлбал, 2016-2021 оны хооронд Улаанбаатар хотын ХБИ-ийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь 2020 онд дуусгавар болж үргэлжлүүлэн манай улсын Засгийн газрын зүгээс Жайка ОУ-ын байгууллагад ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийн дагуу хоёр орны Засгийн газрын төлөөллүүд санамж бичгийг байгуулан, 2025 он хүртэл төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн суурь судалгааны ажил 2021 онд хийгдээд үндсэндээ дуусаж байна.
ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төслийн гол зорилго нь ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх, тогцолцоог бүрдүүлэх, ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн шинэчлэлтэд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Суурь судалгааны ажил дуусч ирэх оноос төслийн ажил илүү эрчимжинэ.
-Ажлын байрны дадлагажуулагч гэдэг ойлголтыг тодруулбал?
-Өнөөгийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог аваад үзье. Ажлын байр сонирхож буй иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, хэлтэст очиход хамгийн түрүүнд зөвлөгөө, зөвлөмж өгөх мэргэжилтэн хүлээн авч уулзаад, хувь хүний чадамжийн үнэлгээг хийсний үндсэн дээр дараагийн шатанд хэрхэх вэ гэдгийг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ур чадвар, мэргэжилд нь тохирох ажлын байр байвал зуучилна. Аль эсвэл ур чадвар, мэргэжил дутмаг байвал нэмэлт хөдөлмөрийн сургалтад хамруулдаг. Нэмэлт хөдөлмөрийн сургалтад хамрагдсаны дараагаар тухайн иргэнд тохирсон ажлын байранд зуучилдаг. Гэвч зуучлаад л үндсэндээ орхичихдог.
Гэтэл ХБ-тэй ажил хайж буй иргэнд үүнтэй адил байдлаар үнэлгээ хийж, зуучлах төдий орхивол тухайн иргэн ажлын байран дээр төдийлөн тогтвортой ажиллаж чаддаггүй. Учир нь, ажлын байран дээр очиход асуудлууд ар араасаа үүсч эхэлдэг. Нийгэмшил, мэргэжил боловсрол, сэтгэл зүй, ажлын байрны тохируулга, дэд бүтцийн хүртээмж гэх мэтчилэн. Энэ асуудлыг олон улсад ажлын байрны дадлагажуулагчаар шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл, ХБИ-ийг хүлээн авч үнэлж, тохирох ажлын байранд зуучлаад орхих бус ажлын байранд хамт очиж, ажлын орчинд нь дасан зохицох, дадлагажуулах үүрэгтэй ажиллана гэсэн үг. Дадлагажуулагч тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч ажлын байрны тохируулгыг нь хийж өгөх, дэд бүтцийн хүртээмжийг үнэлэх, тухайн газартаа дасан зохицоход нь дэмжлэг үзүүлнэ. Энэ явцад хамт олонд нь ХБИ-тэй хэрхэн хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлийн онцлог зэрэг чиглэлээр хандлага, төлөвшил, нөлөөллийн чиглэлээр сургалт орно. Ажилд нь бүхий л талаас дадлагажуулна гэсэн үг шүү дээ. Дадлагын хугацаа дуусмагц ХБИ-ий талаар оролцогч талууд ажлаа дүгнэж, ажил олгогч дадлагажигч ХБИ-д сэтгэл хангалуун байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Ажлын байрны дадлагажуулагч нь энэ бүх цогц арга хэмжээг эхнээс нь дуустал үзүүлж байсан үг. Энэ тогтолцоо манай улсад дөнгөж л үүсч байна.
-Ажил олгогч байгууллагууд ХБИ-ий хөдөлмөр эрхлэх хүсэлтийг хүлээж авдаг ч хамтарч ажиллах тал дээр сул байгаагаас төдийлөн тогтвортой ажиллаж чадахгүй байна уу гэж хардаг. Нөгөө талдаа тухайн иргэнийг ажиллах нөхцөл шаардлага, дэд бүтэц зэргээр хангаж чадаж байна уу гэх асуудал яригдах байх?
-Манай улсад ажил олгогчдод ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийн талаар ойлголт, хандлага тааруухан гэж хэлж болно. Жайка төслийн бас нэг зорилго бол олон нийт рүү хандсан нөлөөллийн ажлыг хийх. Тэр тусмаа, ажил олгогчдын ойлголт хандлагыг өөрчлөх. ХБИ-ийг ажлын байрны дадлагажуулагчтай цуг ажиллуулсны дараа бусад хүмүүстэй адил л хөдөлмөр эрхлэх чадвартай, боломжтой гэдгийг харах боломжтой юм. ХБИ-ийг идэвхигүй, ажилд авсан ч асуудалтай хүн гэдэг байдлаар ажил олгогч нар хараад байна. Гэтэл Япон зэрэг улсад ХБИ-ий ажлын байрыг олноор бий болгосон туршлагаас харвал ажиллах нөхцөл, боломж, ажлын байрны тохируулга гээд бүгдийг бүрдүүлж, дадлагжуулагчийн тогтолцоог бий болгож өгвөл ажил олгогчдын хандлага нь аяндаа өөрчлөгдөнө. Зөвхөн ажил олгогч гэлтгүй гадуур явахад ХБИ-ээс зай барьсан дүр зураг өнөөдөр ч манай нийгэмд харагддаг шүү дээ. Нийгэмд ХБИ-ийг хүлээж авах хандлага бүрэн төлөвшөөгүй байна л гэж харж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг групийн мөнгөөрөө амьдарч, гар хумхин суудаг мэтээр харах хүмүүс цөөнгүй. Яг тулвал, ХБИ-ий хөдөлмөрийн бүтээмж маш өндөр болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгвэл ХБИ хувиараа бизнес эрхлэх нөхцөл, түүнийг бодлогоор хэрхэн дэмждэг вэ. Ер нь дэмжиж чадаж байна уу?
-2012 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр баталсан байдаг. Энэхүү хөтөлбөр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ХБИ-рүү чиглэсэн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрөөс иргэн, ТББ, ААН гэх гурван чиглэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Иргэнд чиглэсэн санхүүгийн дэмжлэг нь гэртээ хувиараа юм хийдэг хувь хүн 3-5 сая төгрөгийн зээлийг барьцаа, хүүгүй нөхцлөөр авах боломжтой. Мөн нэг ХБИ-ийг ажлын байраар хангах ажлыг 10 сая хүртэлх төгрөгөөр тооцож, ТББ, байгууллага ААН-д дээд тал нь 2 хүртэлх ажлын байрыг бий болгох санхүүгийн дэмжлэгийг өгдөг. Өөрөөр хэлбэл, дээд тал нь 20 сая хүртэлх төгрөг гэсэн үг. Үндэслэл сайтай төслөө бичиж, боловсруулж чадсан бол энэхүү хөтөлбөрт шалгарч, санхүүгийн дэмжлэг авах боломжтой байдаг.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг ангид суралцсанаар хүүхэд багаасаа зөв хандлага, төлөвшилд суралцдаг”
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог хангахад түүнийг хүлээж авах хувь хүн бүрийн ойлголт, хандлага чухал болов уу. Энэ төлөвшлийг багаас нь суулгах бүр ч чухал асуудал?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 60 хувь нь сургуульд хамрагдаж байна. Үлдсэн 40 хувь нь сургуульд хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хамрагдалтыг сайжруулах тал дээр ажиллах шаардлагатай. ХБИ зөвхөн тусгай сургуульд сурдаг хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэтэл олон улсын хандлагад ердийн сургуульд дэд бүтэц, багшлах боловсон хүчинг бүрдүүлж чадвал тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч суралцах боломжтой. Ердийн сургуульд суралцахын хэрээр тухайн хүүхдийн нийгэмшил сайн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс гадна нөгөө талдаа сургуулийн орчинд байгаа бусад хүүхдүүд хөгжлийн бэрхшээлийн талаар зөв, ойлголт хандлагатай болж төлөвшдөг.
Ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ тусалж, тэднийг зөвөөр хардаг болно. Өөрөөр хэлбэл, хандлага, төлөвшлийг багаас нь ойлгуулах нөхцөл бүрдэнэ хэмээн харж болох юм. Хүүхдүүд бусдад туслах, бусдыг ойлгох, дэмжих мэдрэмжийг бага наснаасаа авч эхэлж байна гэсэн үг шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд суралцахад дэд бүтцийн асуудал их тулгамддаг. Энэ асуудлыг салбартаа шийдвэрлэж чадна гэж та харж байна уу?
-Манай ЕБС-иудын барилга ихэнх нь социализмын үед баригдсан учраас ХБИ орц гарцад шаардлага хангахааргүй байдаг. Энэ чиглэлээр БШУЯ-аас үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжинд нийслэлд 10 хүртэлх сургуульд хөрөнгө оруулалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар анхан шатдаа “хөлгүй” байна”
-Ер нь энэ чиглэлд олон улсын болон дотоодын ТББ, салбар яам агентлаг гэх мэтчилэн бүхий л шатандаа авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярьсаар ирсэн. Гэхдээ байгууллагуудын уялдаа холбоо, эргэх холбоо гэдэг зүйл дутмаг юм шиг санагддаг. Тухайлбал, анхан шатны нэгж дээр ХБИ-ийг ажлын байранд зуучлаад л орхидог гэх асуудлыг та ярьлаа. Нөгөө эргэх холбоо гэдэг зүйл байхгүй байна гэж хараад байна?
-Манай байгууллага 2018 онд байгуулагдсан. Агентлаг нь аймаг, нийслэл, дүүргүүдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэл хариуцсан мэргэжилтэн байдаггүй. Өөрөөр хэлбэл, анхан шатдаа “хөлгүй” гэсэн үг. Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагад түшиглэж манай үйл ажиллагаа явж байна. Гэтэл өнөөдрийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харвал эргэх холбоо хангалтгүй. Өөрөөр хэлбэл, зуучлаад л орхичихдог байдал байсаар байна. Ажилд зуучилсан хүн рүүгээ, ажил олгогч руу нь холбогдох асуудал хангалтгүй хэвээр байна. Тэр дундаа, тухайн хүн ажлаа хийж байна уу, ажлаас гарсан бол түүний шалтгааныг тодруулах ёстой. Гэтэл энэ талаар аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газруудаас тоо, мэдээлэл авья гэхээр олддоггүй.
Анхан шатны нэгжид ажиллаж буй мэргэжилтэн, алба хаагчидтай уулзаж энэ байдлын талаар ярилцахад хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтнуудын тоо цөөн. Хөдөлмөрийн хэлтсийн ажилд халамжийн ажлыг нэмж, уядаг байдал ч бий. Уг нь Засгийн газар нь халамжаас хөдөлмөрт гэх бодлогыг баримтлана гэдэг. Гэвч хөдөлмөр бус халамжийн тогтолцоондоо илүү их цагаа зарцуулаад таардаг байна. Иймдээ ч ажлын байрын дадлагжуулагчийг бэлтгэхээс өөр аргагүй. Үүний дүнд ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэж харж байна.
-ХБИ-ий талаар нарийн тоон мэдээлэл ч их дутмаг санагдсан?
-ХБИ-ий талаар нарийвчилсан мэдээллийн сан манайд дутмаг байна. Энэ байдалтай холбогдуулан сайдын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг гарч, ХБИ-ий мэдээллийн санг боловсронгуй болгохоор төлөвлөн ажиллаж байна. Ирэх жилээс бэрхшээлийнх нь төрлөөр, төр, хувийн хэвшилд ажиллаж байгаа нь гэх мэтчилэн илүү нарийн мэдээллийг гаргаж авч чаддаг болно. Бүх шатны ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нарыг энэ чиглэл рүү анхаарал хандуулж ажиллана.
“Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан заалтын хэрэгжилт хангалтгүй байна”
-Хөдөлмөрийн тухай хуульд ААН, байгууллагын 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байхаар тусгагдсан байдаг. Тэгвэл хуулин дээрх заалт бодит амьдрал дээр хэр хэрэгжиж чадаж байна вэ?
-Тус заалтын хэрэгжилтийн талаар 2018 онд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны судалгааны институтээс түүвэрчилсэн судалгаа хийж үзсэн байдаг. Түүвэрчилсэн судалгаагаар хангалтгүй байна гэх үнэлгээ гарсан. Манай байгууллагаас 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар улсын хэмжээнд судалгааг хийхээр төсөвт сууж, зөвлөх үйлчилгээний тендер зарлагдаад байна. НДЕГ-ын судалгаагаар 25 буюу түүнээс дээш ажилтантай 5 мянга орчим ААН, байгууллага байна. 25 ажилтан тутамд нэг буюу нийт ажлын байрны 4-өөс доошгүй хувьд ХБИ хүн ажиллуулах заалттай. 4 хувьдаа хүрэхгүй ч 3 хүртэлх хувьд хүрч буй байгууллагууд байгаа. Гэхдээ огт ажилуулахгүй байгууллага ч байна. Төлбөрөө төлөөд явж буй байгууллагуудын цаад шалтгаан нөхцөл судалгаагаар тогтоогдоно гэж харж байна.
-Ер нь квот тогтоох тогтолцоо нь өөрөө хэр зөв бэ. Магадгүй ААН, байгууллагууд ХБИ ажиллуулахын оронд төлбөрөө төлчихье гэх хандлагаар хараад байгаа юм биш үү. Квот тогтоохын оронд ажлын байраар хангасан ХБИ тутамдаа урамшуулал, хөнгөлөлт авдаг жишиг олон улсад байдаг шүү дээ?
-ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт ажил олгогчийг дэмжих заалт байдаг. Тухайлбал, ХБИ-ийг ажилд авч 12 сараас доошгүй хугацаанд цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр урамшуулал олгох заалт байдаг юм. Жилд цөөнгүй ААН, байгууллага тус урамшууллыг авдаг.
Уул уурхайн компаниуд ХБИ-ийг ажилд авах дургүй байдаг. Ажлын нөхцөл хүнд гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл олон улсад бүхий л салбарт ажиллаж байна шүү дээ. Үүнээс харахад, ажил олгогчдын ХБИ-ийг хөдөлмөр эрхлэх боломжтой гэдэг талаас нь харах ойлголт өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй төслийн маань зорилго чиглэгдэх юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн заалт бол захиргааны арга хэмжээ. ХБИ-ийг ажлын байраар хангаж буй байгууллагуудын ойлголт хандлагыг өөрчлөх, үлгэр жишээ байгууллагуудыг олон нийтэд сурталчилах гэх мэтээр ажиллавал бизнесийн нэр хүнд ч өснө шүү дээ. Өөрөөр хэлбэл, захиргааны арга хэмжээнээс гадна сургалт, нөлөөллийн ажлуудыг хийж үр дүнд хүрдэг.
-ААН, байгууллага хуульд заасанчлан ХБИ-ийг ажлын байраар хангаагүй тохиолдолд ямар хэмжээний мөнгөн дүнгээр төлбөр төлдөг талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Улаанбаатар, Дархан, Орхон аймгуудад тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр ажиллуулаагүйн төлбөрийг төлөхөөр тогтоосон байдаг. Харин дээрх гурваас бусад аймгуудад дундаж цалингийн 60 хувиар төлбөрийг авахаар тогтоосон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тус төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэж тогтоож өгсөн. Одоо үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулиар энэ хэмжээг Засгийн газар тогтооно хэмээн заасан байсан. Тэгвэл шинээр хуулиараа зохицуулалт хийсэн гэсэн үг.
“Төрийн ордон нь хүртэл ХБИ-ий дэд бүтэц тал дээр асуудалтай байна”
-Сүүлийн үед үндсэн орон тоотой ажил гэхээс илүүтэй цагийн ажил болон технологид суурилсан ажлын байруудыг хүмүүс ихээр сонирхох болсон. Танайд энэ төрлийн ажлын байраар хангах хүсэлтэй ажил олгогчид хандаж байна уу?
-Энэ төрлийн ажлын байрыг илүү их бий болгохоор Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам ажиллаж байна. Цагийн ажлыг хамгийн их сонирхдог нь оюутнууд. Гадаадын улс орнуудад суралцаж буй оюутнууд тодорхой цагийн хязгаартайгаар цагийн ажлыг хийх эрхтэй байдаг. Манай улсад ч энэ мэт тогтолцоог бий болгохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэтэл хууль дүрэм, журам гарах нэг өөр. Бодит амьдрал дээр бидний хэлж яриад байгаа зүйлийг ажил олгогчид л бий болгоно. Ажил олгогчид маань энэ тал дээр хойрго хандаж байна. Манай улсад үйлдвэрлэлийн хөгжил сул тул үйлчилгээний салбарт цагийн ажил нь түлхүү гарч ирдэг. Гэтэл үйлчилгээний газрууд нь өдрөөр нь гэхээс илүүтэй сараар нь тооцож цалинг нь олгоно гэсэн хандлага түлхүү байгаад байна. Ерөнхий хөдөлмөр эрхлэлтийн салбарт гэсэн үг шүү дээ. Гэтэл ХБИ-ийн дунд энэ төрлийн зохицуулалт, арга хэмжээ бараг эхлээгүй байна.
-ХБИ ажил хөдөлмөр эрхлэхээр очиход боловсролын байдлаас шалтгаалан хүндрэл үүсдэг талаар та яриандаа дурдсан. Ер нь сургуульд хамрагдалтыг хэрхэн нэмэгдүүлэх боломж байна вэ?
-ХБИ-ийн дунд хийсэн түүвэрчилсэн судалгаагаар ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаанууд дотор мэргэжил, боловсрол дутмаг гэдэг нь дээгүүрт бичигддэг. Гэтэл боловсрол гэдэг зүйл нэг өдрийн дотор бий болчихдог зүйл биш шүү дээ. Хүүхэд байхаас нь бүх шатны сургуулиудад хамруулах чухал болчихоод байгаа юм. Эрдэм боловсролыг ердийн хүүхэдтэй шалгалт өгөөд тэнцэхгүй байж болно. Дунд нь ороод явж байх чухал. Учир нь хүүхэд сургуулийн орчноос зөвхөн эрдэм боловсролыг авах гэж очдоггүй. Эрдэм боловсролоос гадна хүн болох ухаанд суралцах чухал. Хамт олны дунд биеэ зөв авч явах, бусадтай харилцах зэрэг суурь боловсролыг сургуулиас олж авдаг. Үүнээс нийгэмшил гэх зүйл маань бий болдог. Ажил хөдөлмөр дээр гарч, бусадтай харилцахад суурь боловсролыг олоод авчихсан байна гэсэг үг. Гэтэл боловсролд хамрагдалт бага байгаагаа дагаад нийгэмшил нь бага болчихоод байгаа юм.
-Манай улсад ХБИ байтугай энгийн иргэн ч нэвтэрч ороход хүндрэлтэй асуудал нь дэд бүтэц. Хүмүүс халаглаад л өнгөрөхөөс хэтрэхгүй. Дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг бий болгоход ямар гаргалгаа байна гэж та харж байна?
-Тус асуудалтай холбоотойгоор барилга хүлээж авах улсын комисст Хөгжлийн бэрхшээлтэй хүний газраас төлөөлөл оруулах шаардлага тавьсаны дагуу ажлын хэсэгт орсон. Шаардлага хангаагүй барилгуудад тухайн барилга угсралтын компаниуд нь зураг төсөл дээрээ ийм байсан гэх тайлбарыг хэлдэг. Барилгыг хүлээж авах улсын комиссоос гадна барилгын зураг гаргаж буй зураг төслийн эрх авсан компаниудад нөлөөллийн арга хэмжээ, ойлголт өгөх ёстой гэх шаардлагыг хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа. Бүх яамдуудад ХБИ-д зориулсан дэд бүтцийн үнэлгээг хийсэн. Ихэнх нь шаардлага хангахгүй байгаа юм. Ази, Номхон далайн конгрессийг Монгол Улсад зохион байгуулсан. Тэр байтугай төрийн ордон нь хүртэл өөрөө энэ тал дээр асуудалтай. Тэргэнцэртэй хүнийг өргөж оруулан, хурлын зааланд орсон хойно зарим сандалыг боолтоор нь тайлж тэргэнцэртэй хүмүүс зогсох орон зайг бий болгож чуулган зохион байгуулж байсан тохиолдол бий.
-Ярилцлагын төгсгөлд хувь хүн болоод ажил олгогчийн зүгээс ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтэд оролцоо хэр чухал талаар ярьвал?
-Хөдөлмөр эрхлэлт бол олон талын хамтын ажиллагаа, оролцооны дүнд бий болдог ажил. Ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг өндөр байлгая гэвэл бага байхаас нь боловсролд сайн хамруулж, хандлага төлөвшлийг суулгах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ар гэрийнхэн тухайн хүнийг хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн зөв ойлголттой болох, тухайн хүнд дэмжлэг туслалцаа үзүүлэх чухал үүрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.