Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийсэн бол өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг хийнэ.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Та бүхнийг Улсын Их Хурал нэр дэвшүүлээгүй. Өөрсдөө та бүхэн хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг та бүхнээс шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна" гэж хуралдааны төгсгөлд хэлжээ.
Шүүхийн сахилгын хорооны есөн гишүүнийг сонгохдоо хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилох юм.