Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нарийн ногооны лангуу дүүрч, үнэ буурчээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 37 секунд

Ердөө 1-2 сарын дотор манай улсад оочирлож, дугаарлаж аль эсвэл эрэлд гардаг нөхцөл байдал хэд хэдэн удаа давтагдлаа. Товчхондоо, шатахуунаас түлш рүү, түлшээс нарийн ногоо руу гэх мэтчилэн.

Манай улс экспорт, импортын хувьд хоёр хөршөөс бүрэн хараат болохоо ч мэдэрсэн цаг хугацаа үргэлжилж байна. Үргэлжилж байна хэмээхийн учир, өнөөдрийн байдлаар БНХАУ хилээ тодорхойгүй хугацаагаар хааж, энэ үеэр нь хүнсний тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм хангамж тасалдах нөхцөл байдал үүсээд буй. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний газруудын нарийн ногоо худалдаалах хэсэг хоосорч, лангуун дээр байгаа багахан “нөөц”-ийнхөө үнийг тултал нэмж, энэ байдлыг далимдуулах мэт бусад нэр төрлийн барааны үнэ ч хөөсрөөд амжлаа. Энэ байдалд Засгийн газар татан авалтуудыг яаралтай хийх зохицуулалтыг хийж эхэлсэн нь төмөр замын тээвэрлэлт байв. Тэгвэл худалдааны төв болон захуудад нарийн ногооны хангалт тогтворжсон эсэх, үүнийг дагасан үнэ ханшийн түвшин хэр байгааг сурвалжиллаа.

Нарийн ногооны лангуу дүүрч, үнэ буурчээ

“Баянзүрх” захын үүдээр орох төдийд иргэдийн хөл хөдөлгөөн урьд өмнөхөөс нэмэгдсэн болохыг ажиглаж болохоор. Тэр тусмаа хүнс, нарийн ногооны хэсэг рүү чиглэх хүмүүс олонтай. Хоосон лангуу нарийн ногоогоор дүүрч, үнийн бичгийг тавихаа түр азнажээ. Иргэд нарийн ногоо ирсэн сургаар дахин хомстох вий гэсэн болгоомжлол дунд төрөл бүрээс нь худалдан авч харагдана. Иргэд “Дахиад тасалдах болов уу” гэх асуултыг худалдагчдаас асууж байв. Ямартай ч нарийн ногоонд сураг тавьж, хоосон буцдагтай харьцуулахад шууд л худалдан авалтаа хийх хэмжээний хангалт хийгджээ.

Энэ сард импортоор цагаан будаа 89 вагон, элсэн чихэр 70 вагон захиалсан. Мөн хүнсний нарийн ногоо дээр 60 вагоныг захиалсан талаар ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Өнгөрөгч Пүрэв гарагт нарийн ногоо ачсан долоон вагон буусан. Үүнтэй холбогдуулан худалдааны төвүүд болон захуудад нарийн ногооны хангалт хэвийн болсон байна. Энэ талаар худалдаачдаас тодруулахад “2-3 хоногийн өмнөөс нарийн ногоогоо авч чадахаар болсон. Ер нь тогтворжоод эхэлсэн. Цаашид тасалдал үүсэх эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Үнэ нэмэгдсэн зүйл байхгүй. Бид амьдрахын эрхээр өртгөө тооцож шингээсэн дүнгээр л борлуулдаг” гэх хариултыг өгч байв.

Нарийн ногооны үнэ 2-5 мянган төгрөгөөр буурчээ

Тэгвэл тасалдал үүссэн хэдхэн хоногт хүнсний, нарийн ногооны үнэ хэрхэн өсөв?

-Брокли: 20 000 төгрөг

-Чинжүү 1кг: 15 000-18 000 төгрөг

-Өргөст хэмх 1 кг: 15 000-20 000 төгрөг

-Улаан лооль 1 кг: 10 000-12 000 төгрөг

-Үрлэн лооль жижиг 1 кг: 15 000 төгрөг

-Бууцай- 22 000 төгрөг

-Цэцэгт байцай- 22 000 төгрөг

Татан авалт хийгдэж буй сүүлийн долоо хоногт нарийн ногооны ханшид хэрхэн өөрчлөлт оров?

-Брокли: 18 000 төгрөг

-Чинжүү 1кг: 10 000 төгрөг

-Өргөст хэмх 1 кг: 8 000- 10 000 төгрөг

-Улаан лооль 1 кг: 10 000-12 000 төгрөг

-Хулуу: 8500-11 300 төгрөг

-Сармис /1кг/: 20 000 төгрөг

ХХААХҮЯ: Сард 60 вагон ачаа татан авна

Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тэгвэл ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байгаа юм. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурахыг албаныхан онцолж буй.

Хэдийгээр татан авалтууд хийгдэж эхэлсэн ч зарим худалдааны төвүүд нарийн ногооны хангалтаа бүрэн хийж амжаагүй болохыг хэлж байв. Тухайлбал, имарт их дэлгүүрийн нарийн ногоо худалдаалах хэсэгт хулуу, өргөст хэмх, салатны навч, бууцай, чинжүү зэрэг л худалдаалагдаж байв.

Түлшний оочир нарийн ногоо руу шилжих шахав

Сурвалжилгын эхэнд хэлсэнчлэн шатахуунаас түлш рүү, түлшнээс нарийн ногоо руу дугаарлах нөхцөл байдал үүсэх шахлаа. Гэвч үлдсэн өндөр үнэтэй нарийн ногоо худалдан авахаас илүүтэй дотоодын хүнсний ногоогоо хэрэглэхийг иргэд урьтал болгосон. Харин энэ байдлыг далимдуулах мэт өнөөх “Монгол” зангаараа хүнсний ногооны үнэ ч дагаад нэмэгдсэн. Ямартай ч нарийн ногоо ч бай бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд манай улс хөрш хоёр гүрнээсээ ямар хэмжээнд хараат байна вэ гэдгийг энэ жишээ өлхөн харуулж орхилоо. Албаныхан дахин хомсдол үүсэхгүй байх чиглэлээр нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ төмөр замаар татан авч байна. Цаашид бодлогын арга хэмжээг дорвитой авахгүй бол ард иргэд нь унах унааныхаа бензинд байтугай хоол хүнсэндээ санаа зовдог болох вий.

Тэгвэл хил хаагдсан сургаар нарийн ногооноос гадна бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн өөрчлөлт дагуулсныг харуулъя. /11 дүгээр сарын 11-ний байдлаар/

Үхрийн ястай махны үнэ 121 төгрөгөөр өсөв

2021 оны 11 дүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10849 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13443 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ түүний өмнөх долоо хоногтой харьцуулахад 121 (0.9%) төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ 48 (0.3%) төгрөгөөр буурсан байв.

Тус долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад хонины ястай махны үнэ 22 (0.2%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 221 (2.0%) төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлт байв.

Гурилын үнэ тогтвортой “үлдэв”

2021 оны 11 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөгөөр худалдаалагдав.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс, байцаа, хүрэн манжингийн үнэ 0.9-6.3 хүртэл хувиар өссөн

2021 оны 11 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсч 1006 төгрөгөөр, монгол лууван 1.7 хувиар буурч 2553 төгрөгөөр, монгол байцаа 0.9 хувиар өсч 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсч 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байжээ.

Маргааш Улаанбаатар хотод 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатар хотод 3 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.