БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Японыг оролцуулсан гурван талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буйг тохиолдуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай өнгөрсөн пүрэв гарагт Сөүл хотод уулзжээ. Энэхүү айлчлал нь Ван Игийн хувьд БНСУ-д дөрвөн жилийн хугацаанд хийж буй анхны айлчлал болсон байна. АНУ-ын THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг БНСУ-д байршуулсантай холбоотойгоор БНХАУ болон БНСУ-ын эрх баригчид хоорондын харилцаа муудаад байсан юм. Энэ сарын сүүлчээр Бээжин хотод болох гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улс хоорондын яриа хэлэлцээг гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван и гурван талт дээд хэмжээний уулзалтыг явуулах замаар хоёр улсын хамтын ажиллагаа хийгээд гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэйг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Мүн Жэ Ин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай БНАСАУ, АНУ-ын яриа хэлэлцээ мухардалд ороод байгааг дурдаж, яриа хэлэлцээг ахиц дэвшилд хүргэхэд идэвхтэй оролцохыг БНХАУ-д уриалсан байна.