Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Засгийн газрын хуралдаанаар ирэх жил зарцуулагдах нийслэлийн түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн задаргааг танилцууллаа. Нийт есөн бүлэг ажил төлөвлөсөн.
- Автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлнэ. Зарим дутуу хийсэн ажлуудыг гүйцээнэ. Нийт 6 байршилд 21.5 км автозамыг өргөтгөж барина.
- 2022, 2023, 2024 оны төсөвт өртгийг багцлаад үзэхэд 354 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг замуудын бүтээн байгуулалтад тавих төсөөллийг оруулж ирж байгаа.
- Түгжрэл ихтэй Бага тойруугийн хэсэгт 2300 ширхэг автомашины төлбөртэй граш барих ажил хийнэ. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ ажлыг 2023 онд эхлүүлнэ.
- Уулзваруудын нэвтрэх чадамжийн тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс 30 байршилд замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа.
- Ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах шаардлага байна. Тиймээс ухаалаг нэгдсэн системийн зохицуулалт хийнэ.
- Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орчин үеийн шаардлага хангасан 500 автобусыг оруулж ирнэ. Гэхдээ өртөг нь түгжрэлийг бууруулах 420 тэрбумаас тусдаа явж байгаа.
- Гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь дунджаар 70 км цагийн хурдтай явдаг бөгөөд энэ ажлын урьдчилгаа болгож 130 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс шийдэхээр ярилцаж байна. Ерөнхий сайд энэ шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
- Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт дээр тавих зайлшгүй шаардлага үүссэн.
- Явган болон дугуйгаар зорчих иргэдийг нөхцөл бүрдүүлэх ёстой. Тиймээс дугуйн зам, явган зам, хороолол доторх замууд, туслах замыг нэмэгдүүлэхэд 242.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгөхөөр оруулж ирж байгаа" гэв.