Энэ сарын 5-нд хуралдсан "Онц их хурал"-ын шийдвэр, Ардчилсан намын даргыг батламжилсан тогтоолыг бусад материалын хамт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгч байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “АН-ын "Онц их хурал"-аас гарсан шийдвэрийг үгүйсгэх нь илүү зүйл юм. М.Тулгатын АН-ын дэд даргаар ажиллаач хэмээн урьсан. АН-ынхаа төлөө ажил хийгээч гэж хүсэж байгаа. Сонгууль болоход тулчихсан. Үлдсэн хугацаанд бид МАН-аас илүү хурдтай, уртай, стратегитай ажиллахгүй бол монголд нэг намын тогтолцоо бий боллоо. Тиймээс манай намын дарга нар амбицаа татах хэрэгтэй байна. Маргаашаас бид ажлаа эхэлнэ. Дарга болох хүмүүсийн амбицыг шингээх цаг хугацаа бидэнд байхгүй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Онц их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ганц М.Тулгатын л үзэл бодол. Түүнээс биш АН-ын 1400 гаруй гишүүн нэгдэж, шийдвэрээ гаргачихсан. АН нэгдсэнээр сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх болно" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Онц их хурлаас гарсан шийдвэрээ бид намын даргыг дүрмийн дагуу батламжилсан. АН-ын бүлэг бүрэлдэхүүнээрээ ирсэн. Өнөөдөр АН-ын даргыг баталгаажуулахаар УДШ-д ирсэн байна" гэв.