Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал гэгчээр халхавч хийн дээр дооргүй бужигнаж байх зуурт “бараг” найдваргүй болсон хоёр банкинд төр 220 гаруй тэрбум төгрөгөө алдах эрсдэлд тулав. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингисхаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна" гэх ноцтой мэдэгдлийг хийсэн.
Тодруулбал, Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 53 тэрбум, ЭМДС-гийн 24 тэрбум төгрөг байна.
Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн 45 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хэрхэн орсон талаарх мэдээллийг shilendans.gov.mn ингэж тусгагдсан талаар Шилэн Цогоо цахим хуудаснаа мэдээлээд байна.
Тэрбээр "Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг Монголиан Коппер корпрэшнээс Засгийн газарт авснаас хойш буюу 2018 оноос хойш Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу 179 саяас 2.5 тэрбум дараа жил нь 45.2 тэрбум хадгаламж хэлбэрээр огцом нэмэгдүүлжээ.
Барагцаагаар 1 сар тутам 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байсан юм уу? гэмээр.
Хүснэгт 1 -ийг харвал Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хадгаламж хэлбэрээр байршиж буй мөнгөн дүн нь өөр бусад банкуудтай харьцуулашгүй өндөр байгаа юм.
2021 оны II улирлын байдлаар 200 сая төгрөг Эрдэнэт Үйлдвэр олж аваад байна" хэмээжээ.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч Д.Сумъяабазар нь УИХ-ын чуулганы 2017 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон.
"Эрдэнэт үйлдвэр" нь УУХҮЯ-нд харъяалагддаг юм. Тэгэхээр Д.Сумъяабазар нь сайд болонгуутаа өөрийн яаманд харьяалагдах Төрийн өмчит үйлдвэрийн хэдэн тэрбум төгрөгийг өөрийн хувь эзэмшдэг банкинд төвлөрүүлсэн гэх хардлага үүсч байгаа юм.