УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ч.Хүрэлбаатар гишүүнээ та Сангийн яаманд олон жил ажилласан. Б.Жавхлан сайд Төвбанкинд олон жил ажилласан. Та хоёр санхүүгийн салбараа сайн мэддэг хүмүүс мөртлөө яагаад энэ салбараа эвдээд байна вэ. Ирээдүйн өв санг ашиглах үндсэн санаа нь хадгаламж юм. Тиймээс хүүхдийн мөнгөдөө хадгалъя гэж Сангийн сайд тайлбарласан. Гэтэл өнөөдөр хадгална, гэхдээ нэг удаадаа ашиглая гэж байна. Ийм зарчимгүй байж болохгүй. Ирээдүйн өв сан үе хоорондын балансыг хангадаг. Өнөөдөр баялагийг ирээдүй хойчдоо өвлүүлэх зорилгоор хийсэн сан шүү дээ. Үе үеийн Засгийн газар хэрэглэхийг л боддог байхад Сангийн яам үүнийгээ хамгаалж чадахгүй байна" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Ирээдүйн өв сангийн талаар яг одоо хэлэлцээгүй байгаа учраас хэлэлцэх үеэр асуултад хариулна" гэв.