COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 18-ны өдөр Истанбул-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууссан. Эдгээр иргэдээс нэг иргэнд коронавирус илэрсэн. Ингээд Монгол улсад коронавирусийн халдвар авсан тохиолдол 11 болж байна. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол ирсэн. Өнөөдрийн байдлаар 184 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтанд байна.
Тусгаарлалтанд байгаа иргэдийг хянаж, үзлэг хийхийн тулд нэг эмч л гэхэд тусгай хувцас хэрэгсэл гэж өдөрт 800 мянга гаруй төгрөгийг зарцуулж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал : Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3500 иргэн тусгаарлагдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 2126 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна. Өчигдөр Дархан уул аймагт 24 тохиолдол илэрч 2 тохиолдлыг сэжигтэй хэмээн тусгаарласан. Нэг иргэн нь 37,2 халуунтай, хоолой өвдсөн шинж тэмдэгтэйгээр ирсэн. Тус иргэн гадаадын олон орноор дамжиж ирсэн байсан. Харин нөгөө иргэн нь бие тавгүйрхээд байна гэсэн үндэслэлээр ирсэн.Замын-үүдэд 33 иргэнийг тусгаарласан. Одоогийн байдлаар нийт 309 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Мөн тусгаарлах байрны бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчрахаар болбол их дээд сургуулиудын дотуур байр, хот тойрсон байруудыг тусгаарлах байр болгох төлөвтэй байна. Түүнчлэн төмөр замын чиглэлийн орон нутгийн бүх галт тэргэнд эмч нарыг ажиллуулж байна.