Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нидерланд улс Индонезийг колоничолж байхдаа үйлдсэн аллагын төлөө нөхөн олговор төлөхөөр боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 21 секунд

Нидерландын хаан хатны хамт Индонезид.

Өчигдөр Гааг хотын шүүхээс 1940-өөд оны үед Индонезид цаазлуулсан 11 хүний ар гэрийнхэнд Нидерландын засгийн газраар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргажээ.

Цаазлуулсан эрэгтэйчүүдийн өнөөдөр амьд сэрүүн байгаа найман бэлэвсэн эхнэр, дөрвөн хүүхдэд тус бүр 123-аас 10,000 еврог төлүүлэхээр болсон байна. Колоничлолын үеийн түүхтэй холбоотой гомдлыг Нидерландын шүүх олон удаа сонсож байсан ч анх удаа тодорхой тоотой нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан нь энэ юм.

Хамгийн өндөр дүнтэй (10,000 евро) нөхөн олговрыг эцгийгээ цаазлуулахыг 10 настайдаа харж байсан эрэгтэй авахаар болжээ. Бэлэвсэн эхнэрүүд тус бүр 3,600 евро авахаар болсон байна. Харин хүүхдүүд нь тухайн үед хэдэн настай байснаасаа хамааран үүнээс бага дүнтэй мөнгө авахаар болжээ.

1940-өөд оны үед Индонез эрчүүдийн жилийн орлого өнөөдрийн 100 евро орчимтой тэнцэж байсан гэдэг үндэслэлээр нөхөн олговрын хэмжээг тогтоосон байна.

1946 оны арванхоёрдугаар сараас 1947 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд Индонезийн Сулавеси аралд тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 860 орчим иргэнийг Нидерландын колонийн армийн цэргүүд цаазалж байжээ.

2013 онд Нидерландын засгийн газар колоничлолын үед үйлдсэн аллагынхаа төлөө уучлал гуйж байв. Хоёр долоо хоногийн өмнө тус улсын хаан Уиллем-Александер колоничлолын үед үйлдсэн харгислалынхаа төлөө анх удаа уучлал гуйжээ.

Индонез улс олон зуун жилийн турш Нидерландын колони байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед богино хугацаанд Японы армид эзлэгдэж байв. Япон улс дайнд бууж өгсний дараа 1945 оны наймдугаар сарын 17-нд тусгаар тогтнолоо зарлаж байжээ. Гэвч Нидерланд улс хуучин колонио хадгалж үлдэхийн тулд дөрвөн жил орчим хугацаанд тэмцсэний дараа Индонезийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв.

Эх сурвалж: AFP

БНХАУ-аас Монгол буцах хүсэлтэй 34 иргэнийг авто замын боомтоор авчрав
БНХАУ-аас Монгол буцах хүсэлтэй 34 иргэнийг авто замын боомтоор авчрав
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.