Өнөөдөр /2021.11.03/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар БНХАУ-д хиллэдэг Замын-Үүдийн төмөр зам, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги авто замын боомтууд ажиллаж байна. ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтууд ажиллаж байна. Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлд эм, эмийн хэрэгслийг Чингисхаан, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байхаар тогтсон байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт, Ханги боомтуудаар эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах боломжтой болж байна.
Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр эм, эмнэлгийн хэрэгслийг татан авахтай холбоотойгоор 672 сая төгрөгийг ЭМ-ийн сайдын багцаас төсөвлөж, БНСУ, БНХАУ-аас тус бүр хоёр, нийт дөрвөн удаагийн нислэгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор хувийн хэвшлийн эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэгчид онгоцоор татан авалтуудаа хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор үнийн өсөлт ажиглагдаж байгаа учраас ЭМЯ-наас энэхүү арга хэмжээ авч байна" гэлээ.