Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт гацсан байдалтай байгаа. Тиймээс Гашуунсухайт, Хангийн боомтод хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцлийг бүрдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Тус боомтуудад хүнсний лабораторийг яаралтай байгуулах, хоёр улсын гааль хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн" гэв.
Мөн өнөөдрийн хуралдаанаар,
-Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах,
-Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрх бүрт өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх
-Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах:
Хөдөө аж ахуйн корпораци байгуулах, уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр болсон байна.