Сүүлийн үед банкууд ипотекийн зээлийг олгохгүй байна гэх асуудлыг иргэдийн зүгээс тавих болсон. Тэгвэл ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Арван их наядын хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлийн зээлийн сувгаар эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийсэн. Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, ипотек, репо санхүүжилтийн зээл. Эдгээрээс ипотек болон репо санхүүжилтийн зээлийг Төв банкнаас шууд татаж, хяналтандаа байлгаж байгаа. Үүнийг хязгаарлаж байгаа хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хэмжээний асуудал. Аливаа бодлогын арга хэмжээ ялангуяа мөнгөний эргэлтээр дамждаг бодлого арга хэмжээнүүд зохистой хэмжээндээ байх ёстой. Зохистой хэмжээнээс хэтрэх, аль эсвэл дутвал үүсэх үр дагавар нь сайн, муу хоёр талтай. Ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрвэл орон сууцны үнэ өсөх сөрөг талтай. Тэлэлтээсээ хэмжигдээд эргэлтийн шалтгаантай орон сууцны үнэ огцом өссөн 2013, 2014 оны алдаанууд давтагдана.
Наймдугаар сарын үзүүлэлтээр 700 тэрбум төгрөг гарчихсан байна. Ипотекийн зээл хамгийн ихдээ 2014 онд жилийн 520 тэрбум төгрөг гарч байсан. Гэтэл энэ оны 3-8 сар хүртэл буюу таван сарын хугацаанд эдийн засгийн идэвхжүүлэлт явсан. Оны эхнээс ипотекийн зээл явж л байсан. Гэхдээ гуравдугаар сараас эрчимтэйгээр нэмэгдсэн. Энэ хугацаанд 700 гаруй тэрбум төгрөг гэдэг бол бага тоо биш. Энэ нь зах зээл рүү илүүдэл үүсгэх, эрэлт бий болох улмаар орон сууцны үнийг хөөрөгдүүлэх сөрөг үр дагавартай гэж Төв банкнаас үзсэн байна.
Мөнгөний бодлогын хүрээнд энэ тоог хязгаарласан. Гэхдээ зогсоогүй гэсэн үг. Макро тэнцвэрээ барих үүднээс багасгасан. Банкуудыг тодорхой хэмжээгээр төлөгдсөн хэмжээнээс нь давуулахгүй байх аргаар нийлүүлэлт явагдаж байгаа. Мөн банкуудын зүгээс хэлж буй зүйлийг тоомоор байна. Жилдээ 500-600 сая орчмын зээлийн нийлүүлэлт хийхэд потенциалын худалдан авагч ханадаг. Өөрөөр хэлбэл, урсгал төлбөрөө төлөөд, орлогоо хамгаалаад явж буй зээлдэгч нар тухайн жилдээ ханадаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Зээлийн хүү цаашид үргэлжлэнэ гэвэл ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална гэсэн үг" гэлээ.