Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Б.Бумдэлгэр III тунгийн олон улсын судалгаануудын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Израиль улсад хүн амд III тунг хийснээс хойш тохиолдлын тоо дельта хувилбараас хамгаалах чадвар 86 хувиар нэмэгдсэн. Мөн БНХАУ-ын Коронавак вакцины III тунг хийсэнээс хойш эсрэг биетийн төвшин 2-3 дахин нэмэгдсэн гэх судалгаа гарчээ.
Пайзер болон Астразенека вакцины дараах дархлаа хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуулт их гарч байгаа. Судалгааны үр дүнгээр өмнө нь зургаан сар орчим дархлалын эсрэг биеүүд цусанд байна гэж байсан бол одоогийн нөхцөлд ковид19-ийн эсрэг вакцинуудын дархлаа 3-4 дэх сараас буурч байна.
Ковид19 вакцины дархлаа богино байгаад эрдэмтэд хариу өгч чадаагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, ковид19 одоо байгаа вакцинуудын дархлаа тогтолт богино байна" гэлээ.