Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ-ий мөнгөн медальт 12 настай Н.Содбилэгт: Нэгдүгээр байрт орсон тамирчинтай оноогоороо тэнцсэн

Ангилал
Спорт
Огноо
Унших
10 минут 36 секунд

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Манай улсаас тэмцээний чансаа оноо 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн 12 настай Н.Содбилэгт мөнгөн медалийн эзэн болсон билээ. Тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд үргэлжилсэн ба манай тамирчид өнөөдөр эх орондоо ирэх юм. Ингээд ДАШТ-ий дэд аварга Н.Содбилэгт болон түүний багш С.Билгүүн нарыг Грек улсын нисэх онгоцны буудалд байх үед холбогдож, ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө ДАШТ-д амжилттай оролцож, Дэлхий дэд аварга болсонд баяр хүргэе?

-Сайн байна уу. Баярлалаа та бүхэнд.

-Тэмцээний талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. Тэмцээн хэрхэн болж өнгөрсөн талаар уншигчиддаа сонирхуулахгүй юу?

-Тэмцээн энэ сарын 16-нд эхэлсэн. Нийт 32 орны 75 тамирчин оролцсон. Зургаан ангилалтайгаас би 1700 ангилалд оролцож, хоёрдугаар байр эзэллээ. Өдөрт нэг удаа тоглодог. Тэмцээний турш нийт ес хоногт есөн удаа тоглосон тоглосон. Есөн удаа тоглохдоо найм хожиж, нэг удаа тэнцсэн. Нэгдүгээр байрт орсон тамирчинтай оноогоороо тэнцсэн боловч тэр коэффицентоороо илүү байсан учраас нэгдүгээр байранд орсон.

"Сая болсон тэмцээн дээр УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцантай хоёрдугаар өрөгт таарч хожсон"

-Өрсөлдөгчид нь хэдээс хэдэн настай хүмүүс байсан бэ?

-Энэтхэг, Казакстан, Турк, Узбекстан зэрэг орны тамирчидтай тоглосон. Сонирхогчдын тэмцээнд ямар нэг насны ангилал байхгүй чансаагаараа өрсөлддөг. Миний хувьд бүхий л насны хүмүүстэй тоглосон. Тэдний дундаас хамгийн ахмад нь 64 настай хүн байсан.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байсан бэ?

-Киргиз улсын ахтай тоглосон тоглолт дээр би муу байсан. Хожигдож байгаад маш сайн бодож, тактик боловсруулсаны үндсэнд хожсон. Сонирхуулж хэлэхэд, би сая болсон тэмцээн дээр УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцантай хоёрдугаар өрөг дээр таарч, хожсон.

-Анх хэдэн настай байхдаа шатрын спортоор хичээллэж байсан бэ?

-Манай аав намайг таван настай байхад шатар тоглохыг зааж өгсөн. Долоо нас хүртэл буюу хоёр жилийн турш өөрөө зааж сургасан. Харин дараа нь шатрын клубд явж эхэлсэн. Би долоон настай байхдаа ОХУ-д болсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болж байсан.

"Долоон настайдаа ОХУ-д болсон сурагчдын тэмцээний аварга болж байсан"

-Оюуны спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?

-Тэмцээнд орох бэлдэх гээд би хичээлдээ бараг суудаггүй. Үргэлж чөлөө авдаг. Гэсэн ч ангийнхнаасаа математикийн хичээлдээ илүү байгаа юм шиг санагддаг.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Аавтайгаа байхдаа өдөр бүр бэлтгэл хийдэг. Мөн Гэгээн-Арвай гээд шатрын клубд явч байгаа. Долоо хоногт гурван өдөр хичээллэдэг. Ихэвчлэн таван цаг бэлтгэл хийдэг. Заримдаа найман цаг хичээллэх тохиолдол ч байдаг.

-Олон улсын хэмжээний тэмцээнд хэчнээн удаа оролцож байсан бэ?

-7-8 удаа оролцож байсан.

-Долоо настай байхдаа Дэлхийн аварга болж байсан. 12 настайдаа дахин болоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Мэдээж маш гоё. Би долоон настайгаасаа хойш шатарт маш сайн болсон. Тэрнээс өмнө муу байсан гэж боддог. Сайн төвлөрч сурсан учраас сайн тоглож сурсан. Нэг тоглохдоо 5-6 цаг тоглодог.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Тэр талаар бодож байгаагүй. Цаашид шатрынн спортоор хичээллэх ч өөр ямар нэг мэргэжил эзэмшээд ажиллах байх.

-ДАШТ-т явахад хамгийн их туслалцаа үзүүлсэн хүн хэн байсан бэ?

-Тэмцээнд явахад бүх зардал мөнгийг төлж өгсөн аав, ээждээ баярлалаа. Мөн намайг бэлтгэж өгсөн С.Билгүүн багшдаа баярлалаа гэж хэлье.

Шатрын их мастер, дасгалжуулагч С.Билгүүн: Содоо маань нэгдүгээр байрыг хувааж эзэлсэн, маш том амжилт

-Сайн байна уу, тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэе?

-Сайн байна уу, баярлалаа.

-Таны бэлдсэн тамирчин маш өндөр амжилт гаргалаа. Тухайн мөчид багшийн зүгээс төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Өмнө нь өөрөө тамирчин байхдаа амжилт үзүүлэх үедээ маш их догдолдог байсан. Дасгалжуулагч болчихоод арай өөр байх болов уу гэж бодож байсан ч эсрэгээрээ. Тамирчин байх үед хэрхэн сандардаг, тоглохын өмнөх өдөр сэтгэл зүйн байдал ямар байдаг гэхчлэн яг л ийм байдалтай байсан. Аль болох үүнийгээ шавьдаа харуулахгүй байж сэтгэл зүйгээр нь дэмжихийн тулд өөрийгөө дарж байсан. Сүүлийн өргөө хожоод гарч ирсэнийх нь дараа маш их тайвширч баярласан.

-Сая болсон тэмцээний талаар товч мэдээлэл хүргэнэ үү?

-Тус тэмцээн нь дэлхийн шатрын холбооны чансааны дагуу 1700, 2000, 2300 гэсэн ангилалд дотроо эмэгтэй, эрэгтэй гээд нийтдээ зургаан ангилалтай явагдсан. Нийт 32 улсын 75 тамирчин оролцсон. Содоо маань есөн өрөг тоглоод найм хожиж, нэг тэнцсэн байгаа. Нэгдүгээр байрыг хувааж эзэлсэн. Гэхдээ нэмэлт онооны дагуу тэнцсэн тамирчин нэгдүгээр байрт орсон.

-Манай улсаас уг тэмцээнд оролцсон бусад тамирчдын талаар яривал?

-Монголоос нийт таван тамирчин, дөрвөн ангилалд хуваагдаж тоглосон. Б.Тэнүүнболд 2000 ангилалд 10 дугаар байр, М.Мандухай 2000 хүртлэх ангилалд дөрөвдүгээр байр, Б.Халиун 2300 ангилалд амжилттай тоглосон. Дээрээс нь манай шатрын зүтгэлтэн УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан ах маань шатрын спортыг маш олон жил дэмжиж ажилласан. Энэ удаа өөрөө сонирхогчийн түвшинд тэмцээнд оролцож үзэхийг хүссэн. Маш амжилттай тоглосон. Есөн онооноос таван оноотой гарсан.

-Эдгээр хүүхдүүдийн онгоцны тасалбар, бусад зардлыг эцэг эх нь төлдөг үү. Эсвэл өөр байгууллага, шатрын холбооноос гаргадаг уу?

-Шатрын спортод одоогоор туслалцаа маш муу байдаг. Олимпын бус спорт биш утгаараа гэдэг ч юм уу, дэмжлэг байдаггүй. Эцэг эхчүүд өөрсдийн мөнгөөр хүүхдийнхээ зардал мөнгийг шийдээд явдаг. Тэрнээс шатрын холбоо, Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг байдаггүй.

"Хүн хоёр цаг шатар тоглоход найман км гүйсэнтэй тэнцэх энерги зарцуулдаг"

-Нэг тэмцээнд явахад нэг хүүхдээс ойролцоогоор хэчнээн төгрөгийн зардал гардаг бол?

-Зөвхөн энэ тэмцээний хувьд гэхэд нэг хүүхдээс 10-аад сая төгрөг шаардагдсан. Цар тахлаас шалтгаалан билетний үнэ нэмэгдсэн, зөвхөн билет 4-5 сая төгрөг болсон. Үүн дээр байр, хоолны зардал гарна. Энэ мөнгийг эцэг эхчүүд л шийддэг.

-ДАШТ-нд оролцохын тулд шавь нар нь тусгайлан бэлтгэл хийсэн үү?

-Энд явж байгаа тамирчид ихэнх нь мэргэжлийн тамирчин болох төлөвлөгөөтэй хүүхдүүд. Байнгын бэлтгэлтэй байдаг хэдий ч тэмцээн дөхөхөөр вакум болон, тусгайлсан бэлтгэл хийдэг. Содоо бид хоёрын хувьд тэмцээн болохоос 14 хоногийн өмнө хотоос гарч, вакум бэлтгэл хиийсэн. Энэ бэлтгэл маань үр дүнгээ олсон гэж бодож байна. Энэ тэмцээнд оролцохдоо ямар нэг сандрал бэрхшээл үүсээгүй. Эхний өргөөс эхлэн ямар нэг асуудалгүйгээр төвлөрч тоглосон. Миний хувьд Содбилэгтэй ажиллаад нэг жил болж байна.

-Таны хувьд хэчнээн жил шатрын спортоор хичээллэж байна вэ?

-Би шатрын спортоор 17 дахь жилдээ хичээллэж байна. Дасгалжуулагч хийдэг ч гэсэн хажуугаар нь өөрөө уралдаан тэмцээнд байнга явдаг. Саяхнаас “Гэгээн-Арвай” клубтэй хамтарч ажиллаж байна.

-Шатар бол оюуны спорт. Харин яагаад спорт гэж үздэг гэдгийг тайлбарлавал?

-Эрдэмтдийн гаргасан судалгаагаар хүн хоёр цаг шатар тоглоход найман км гүйсэнтэй тэнцэх энерги зарцуулдаг. Шатрын тэмцээнд нэг өрөг дунджаар 4-5 цаг тоглодог. Эндээс харахад өдөрт 16 км зам гүйсэнтэй тэнцэх энерги зарцуулдаг. Тиймээс бие физилогийн хувьд маш их энерги зарцуулдаг хүнд спортуудын нэг. Шатрын спортод нэг өрөг тоглоход 5-7 түүнээс ч их цагийг ямар ч төвлөрөл алдахгүйгээр тоглодог. Энэ нь тухайн хүнээс дан ганц оюун ухааны гэлтгүй биеийн чадваруудыг шаарддаг учир спорт гэж үздэг.

-Шатрын спортоор хичээллэсэнээр хүүхэд ямар чадвар эзэмшдэг вэ?

-Хамгийн шилдэг оюун ухааны дасгалаар шатрыг нэрлэж болно. Заавал мэргэжлийн шатарчин болох албагүй. Шатрын спорт өөрөө тактик стратеги, урт болон богино хугацааны төлөвлөгөө гаргаж, ямагт төлөвлөгөөний дагуу тоглодог. Тиймээс амьдрал дээр шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр бус зөв дүгнэлт хийж шийдвэр гаргах чадварт суралцдаг. Мөн аливаа спорт, тэмцээнд амжилт гаргахад эцэг эхийн оролцоо маш чухал үүрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэн эх орондоо сайн яваад ирээрэй.

-Баярлалаа.

Э.Дэлэгнанзадмаа

Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.