Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Цахимаар хичээллэх нь үр дүнгүй, ялангуяа математикийн хичээлээ ойлгохгүй байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
13 минут 4 секунд

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр сургууль, таван цэцэрлэг 100 хувь цахим хэлбэрт шилжсэн байна. Харин нийт 53 багш, 37 ажилтан, 153 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн судалгаа гарчээ.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил Ерөнхий боловсролын сургуулиуд 5 өдөр танхимаар, 5 өдөр цахимаар хичээллэж буй. Гэвч энэ нь үр дүнгүй буюу цахимаар хичээллэж буй 5 өдөрт хүүхэд хичээл номоо олигтой сурахгүй, нөгөө талаасаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд цахимаар хичээллэх 5 хоногт хүүхдээ хаана үлдээх, хэнээр харуулах зэрэг асуудалд өнөөдрийг хүртэл тулгамдаж байгааг учирласаар байна. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжилгийг Ерөнхий боловсролын сургууль болон эцэг эхчүүдэд тулгамдаад буй уг асуудлын талаар сурвалжиллаа.

Биднийг 48 дугаар сургуульд очиход хүүхдүүдийн хичээл тарж, эцэг эх, эмээ өвөө нар хүүхдүүдээ авахаар сургуулийн гадна цугласан байлаа. Халдварын тархалт өндөр байгаа тул эцэг эхчүүд сургууль руу нэвтрэхгүй, хүүхдүүд өөрсдөө гарч ирж байв.

Ингээд хүүхдээ хүлээн суугаа ахимаг насны нэгэн эмэгтэйгээс нөхцөл байдлын талаар тодруулахад тэрбээр "Цахим хичээлийн үр дүн маш муу байна. Танхимаар хамгийн багадаа дөрвөн цаг хичээллэдэг. Ингэхдээ дөрвөн өөр хичээл орно. Харин цахимаар хичээллэхэд өдөрт нэг цаг нэг л хичээл ордог. Би өөрөө гэртээ суугаад ач зээ нараа харж, хичээлийг нь хийлгэдэг. Гэтэл ажилтай хүмүүс цахимаар хичээллэж байгаа тохиолдолд хүүхдээ хэнээр харуулах уу, хэнд үлдээх үү гэдэг нь асуудал болж байгааг эцэг эхийн хурлаар их ярьж байна. Мөн манай зээгийн ангид хичээлийн хоцрогдолтой олон хүүхэд байна. Саяхан сурагчдаас үнэлгээний шалгалт авсан. Дараа нь багш нар эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ сайн ажиллаарай гэж захиж байна лээ. Хүүхдүүд гэртээ бие дааж хичээлээ хийж чадахгүй болохоор хоцрогдол их байна. Нэгэнт дасан зохицоод амьдарч байгаагаас хойш хүүхдүүдийн хичээл сургуулийг ч гэсэн тэр чигт нь танхим болгомоор байна" гэлээ.

Нэгдүгээр ангийн сурагчийн ээж А.Цэрэнчимэг “Цахимаар хичээллэх 5 хоногийн хугацаанд гэр бүлийн нэг хүн заавал гэртээ байх шаардлага гарч байна. Мөн танхимаар хичээллэх үед нь хүргэж өгөх авах, цахимаар орох үед нь харах хүнгүй учраас ажлаасаа гарсан байгаа. Миний хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орсон. Гэвч ийм хариуцлагатай үед цахимаар орж байгаа учир хүүхэд хичээл номоо олигтой сурахгүй байх эрсдэлтэй гэж үзээд ажлаасаа гарч, өөрөө хүүхдээ харж, цахим хичээлд нь суудаг" гэв.

Иргэн Ш.Элбэгбаяр "Манай хүүхэд гуравдугаар ангид сурдаг. Хүүхдээ харах, зөөх, цахимаар хичээллэх өдрүүдэд нь гэртээ харах гээд асуудал байсан учраас ажлаасаа нэг жилийн чөлөө авсан. Уг нь би цэцэрлэгийн багш. Уг нь хүүхэд харах хүнтэй бол цахим, танхимаар хослоод хичээллэхэд нэг их хүндрэл гарахгүй болов уу. Гол нь хүүхэд харахгүй айлуудад маш том асуудал. Гэхдээ хичээл сургуулийг цаашид танхимаар оруулвал яадаг юм бол. Техник технологи буюу зурагт, ухаалаг гар утасгүй айлууд байгаа. Үүнийг бодолцох ёстой” гэсэн юм.

Гуравхан иргэний байр суурийг сонсоход л хоёр нь цахимаар хүүхэд харах хүнгүйн улмаас ажлаасаа гарсан, чөлөө авсан байна. Энэ нь маш олон айл өрх дээрх шалтгаанаар ажлаасаа гарч, эдийн засгаараа хохирч байгааг тодорхой харуулж байна.

Ингээд 48 дугаар сургуулийн ахлах ангийн Сургалтын менежер С.Гэрэлмаагаас энэ талаар тодруулахад,

Тэрбээр "Манай сургууль хосолсон хэлбэрээр хичээл сургуулиа үргэлжлүүлж байна. Одоогоор эцэг эхчүүдээс цахим болон танхимын хичээлтэй холбоотой ямар нэг гомдол ирээгүй. Танхимаар нэг хичээл 35 минут, цахимаар 20 минут орж байгаа. Танхимын хичээл хоцрогдолтыг арилгах чиглэлээр, харин цахим хичээл бататгах зарчмаар явж байна. Боловсролын үнэлгээний төвөөс оношлох шалгалт авч байгаа. Үүнтэй холбогдуулан сүүлийн 10-аад хоног шалгалтын горимд орчихсон. Бүх хичээлээр олон шалгалт өгч байгаа болохоор хүүхдүүдэд хүндрэлтэй санагдаж байхыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хичээл орсоноос үүдэн сурагчдын хичээлийн хоцрогдол байна. Ялангуяа математик, физик, химийн хичээлийн хоцрогдол илүү байгаа. Бидний зүгээс хичээлийн хоцрогдлыг арилгахаар аль болох сурагчидтайгаа тулж ажиллаж байна. Боловсролын үнэлгээний төвөөс хийж буй оношлох шалгалтын дүн хэрхэн гарахаас шалтгаалан төлөвлөгөө гаргаж ажиллах болно. Ахлах ангийн сурагчдын хувьд зөвхөн өнөөдрийн байдлаар ойрын хавьтагч болсон дөрөв, халдвар авсан хоёр сурагч байна” гэлээ.

Дунд анги хариуцсан сургалтын менежер Ч.Өнөржаргал "Долоо хоногт хамгийн багадаа хоёр багш ковид-19 вирусийн халдвар авч байна. Халдвар авсан багш 10 хоноод эдгэсэн гэсэн бичгээ авчраад ажилдаа орж байгаа. Халдвар авсан хугацаандаа цахимаар хичээл орж байгаа. Харин танхимын хичээлийг тухайн секцийнх нь багш нар нөхөж орж байна. Тиймээс багш нарын ачаалал эрс ихэссэн" гэсэн юм.

Харин багш нараас цахимаар хичээллэхэд ямар хүндрэл гарч буй талаар тодруулахад,

Багш А.Будцэрэн "Цахим, танхимаар хичээллэхээр хүндрэл их байна. Үдээс өмнө сургууль дээр танхимын хичээлээ орчихоод үдээс хойш цахим хичээл ордог. Сургуульд интернет, компьютер байхгүй. Тиймээс гэртээ очиж цахим хичээл орохоос өөр аргагүй. Хоёр хичээлийн хооронд маш хурдан харих шаардлага гардаг. Миний хувьд ажил гэр ойрхон тулдаа л болж байна. Гэр хол багш нар яаж аргалж байгааг мэдэхгүй байна. Мөн сурагчдын хичээлийн хоцрогдолт маш их байна. Би өөрөө нэгдүгээр ангид сурдаг хүүхэдтэй. Хичээл нь цахимаар орж байгаа долоо хоногт гэрт нь ганцааранг нь цоожлоод явдаг. Заримдаа дагуулаад ажилдаа ирдэг. Туслах хүн байхгүйгээс болоод цахим хичээлдээ огт суудаггүй. Оройн цагаар хичээлийг нь хийлгэдэг. Халдварын тархалт их гэж үзэж байвал бүх долоо хоног цахимаар, харин хичээллэх боломжтой гэж үзэж байгаа бол нэг мөсөн танхимаар орох нь хамгийн чухал байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай" хэмээв.

Багш Б.Пунсалдулам "Сурагчдаас шалгалт авахад хичээлийн хоцрогдолт маш өндөр байсан. Бүтэн хоёр жилийн хичээлийн агуулгыг нэг улиралд нөхнө гэдэг багш нарт маш хүндрэлтэй байна. Мөн танхимаар 5 өдөр ороод, есөн хоног цахимд шилжиж байгаа. Энэ тохиолдолд шинэ хичээлийг танхимаар орж хүүхдүүдтэй тулж ажилладаг. Гэвч цахимд шилжсэн есөн хоногийн хугацаанд сурагчид үзсэн хичээлээ давтахгүй, даалгавраа хийхгүй байх тохиолдол их гардаг. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж танхимаар хичээллэх нь илүү үр дүнтэй байх болно. Тэгэж байж хоцрогдлыг арилгах боломжтой. Хичээл энэ байдлаар үргэлжилбэл, хичээлийн хоцрогдол улам хойшлох болно. Би гурван настай хүүхэдтэй. Хүүхэд цэцэрлэгт явах боломжгүй болохоор аав ээж хоёрын аль нэг ажил хийх боломжгүй байдал үүсэж байна. Энэ тохиолдолд шууд ажлаасаа гарахаас өөр аргагүй. Эхлээд хүн гуйж харуулдаг байсан ч нэг, хоёр өдөр л харж өгдөг. Би улсын ажилтай учраас завсардаж болохгүй учир манай нөхөр ажлаасаа гараад гэртээ хүүхдээ харж байгаа. Нөхөр хувиараа ажил хийдэг байсан ч тэр нь зогссон. Энэ нь өрхийн орлогод маш том хүндрэл үүсгэж байна" гэсэн юм.

Багш, эцэг эхчүүдийн байр суурь цахимаар хичээллэх нь үр дүнгүй, хэрвээ халдварын нөхцөл байдлыг тооцоолж, хичээллэх боломжтой гэж үзэж байгаа бол нэгмөсөн танхимаар хичээллэхийг хүсч байгаагаа илэрхийлж байна. Харин сурагчдад тулгамдаж буй асуудлын талаар тодруулахад,

Гуравдугаар ангийн сурагч Э.Амирлан “Тооны хичээлийг цахимаар үзэх хэцүү байдаг. Ойлгохгүй зүйл гарахаар багш байхгүй болохоор асууж чаддаггүй. Бас заримдаа хичээлээ бичиж гүйцэхгүй хоцорчихдог” гэв.

Тавдугаар ангийн сурагч "Цахим хичээл хийхэд бага зэрэг асуудалтай байгаа. Утсаараа орох гэхээр болохгүй заавал аав, ээжийн туслалцаа хэрэг болдог. Математикийн хичээлийг цахимаар үзэхээр ойлгохгүй байх тохиолдол их байна. Танхимаар хичээллэх нь илүү үр дүнтэй байдаг. Ядаж л чадахгүй, мэдэхгүй зүйл гарвал багшаас асуугаад хийчихдэг" гэсэн юм.

Арванхоёрдугаар ангийн сурагч Л.Оюунпүрэв "Танхимаар хичээллэх үед хичээлээ ойлгодог. Гэвч дараа долоо хоног нь цахимаар орохоор мэдэхгүй, чадахгүй зүйл их. Даалгавар хийх гэхээр мэдэхгүй зүйл гарч ирдэг. Энэ бол хамгийн бэрхшээлтэй зүйл болоод байна. Цахимаар орж байгаа үед теле хичээл үзнэ. Мөн “google meet” апплкейшн ашиглаж хичээл ордог. Ахлах анги танхимаар өдөрт 7 цаг, тав хоногт 35 цаг ордог. Үүн дээр сонгоны 15 цаг нэмэгддэг. Цахимаар хичээл орох нийт хугацаа нь харьцангуй байдаг" гэлээ.

Арванхоёрдугаар ангийн сурагч Б.Мөнхгэрэл "Манай анги 40 хүүхэдтэй. Энэ жил хичээл эхэлсэнээс хойш манай ангийн 16 хүүхэд ковидын халдвар авсан. Халдвар авсан хүүхдүүд цахимаар хичээлээ үзэж байгаа. Нэг ширээний ард зөвхөн нэг хүүхэд суух, хөл толгойн зарчим гэсэн шаардлагыг мөрдөж байгаа. Хичээл танхимаар орох нь илүү үр дүнтэй санагдаж байна. Цахимаар орох үед багш нарын цаг нь зөрөөд ихэвчлэн 20 минутад хичээл орж байгаа. Нэг хичээл ийм бага хугацаанд орохоор бүрэн ойлгож чаддаггүй" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ийнхүү эцэг эхчүүд, багш сурагчдын аль аль нь цахимаар хичээллэх нь үр дүнгүй, хичээлийн хоцрогдлыг улам ихээр үүсгэж байгааг учирлаж байна. Мөн цахимаар хичээллэх өдрүүдэд хүүхдүүдээ хэрхэх нь эцэг эхчүүдийн тулгамдсан асуудал болж байгааг онцолсоор байна. Гэтэл “Дайран дээр нь давс” гэгчээр 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудал ямар ч шийдвэрт хүрээгүй байна. БШУ-ын сайд Л.Энх-Амгалан уг асуудлыг аравдугаар сард шийдвэрлэнэ гэсэн ч түүний хэлсэн үг биелэлээ олоогүй. Харин саяхан арваннэгдүгээр сарын 1-н хавьцаа шийдэгдэх болов уу гэсэн ч дахин эрсдлийн үнэлгээ хийнэ гэж НОК-оос мэдээлсэн билээ.

Э.Дэлэгнанзадмаа

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Архи уугаагүй, зүгээр л амссан...
ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Архи уугаагүй, зүгээр л амссан...
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.