Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Архи уугаагүй, зүгээр л амссан...

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 7 секунд

Өдөр бүрийн хэмнэлдээ “ЗАВГҮЙ” хэмээх тодотгол өгсөн их хотынхны амьдрал Баасан гарагт хэрхэн өнгөрдөг вэ. Ажлын ачаалалдаа дарагдсан өдрүүдийн алжаалаа тайлахаар гэрийн зүг, зарим хэсэг нь “Орой яахын” уриа дор нэгдэх ЧИГЛЭЛТЭЙ. Гэвч үдэш эхэлж, үүр хаяарахтай зэрэгцэн нийслэлд гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг болохыг тоон мэдээллүүд илтгэдэг. Баасан хэмээн онцлохын учир, нийслэлд эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн зам тээврийн осол, зөрчлийн дийлэнх нь Баасан, Бямба, Даваа гаригуудад бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, тус гаригуудад хөдөлгөөний эрчим бусад өдрүүдтэй харьцуулахад нэмэгддэг гэсэн үг юм. Тэгвэл бид “алаг тэрэг”, “улаан дохиур”-тай цагдаагийн алба хаагчидтай өнгөрөгч Баасан гарагийн шөнийн хөл хөдөлгөөн, хяналт шалгалтыг шинжив.

Жолооч нарын “Нууц” зам цагдаатай өнжив

Шөнийн цагаар зам тээврийн осол аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор замын цагдаагийн алба хаагчид шөнө бүр хяналт шалгалтын ажлыг явуулдаг аж. Өнөөдөр ч тэд үүрэгт ажилдаа гарч буй нь энэ. Харин энэ удаагийн шөнийн хяналт шалгалт нь улсын хэмжээнд явагдаж буй “Илрүүлэлт Оргодол-2021”, “Согтуу” зэрэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд зөрчил илрүүлэлт, урьдчилан сэргийлэх тал дээр илүү эрчимжиж буй ба 59 цэгт 126 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.

22:00 цаг. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтыг эхлүүлэв. Шөнийн 22 цаг өнгөрсөн хэдий ч гол зам болон гэр хорооллын дундах туслах замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байлаа. Ингэхдээ иргэд хяналт багатай байх гэр хорооллын туслах замуудад хурд хэтрүүлдэг болох нь ажиглагдав. Огцом эргэлттэй, үзэгдэх орчин гэрэлтүүлэг муутай хэсэгт ийнхүү хурд хэтрүүлж буй жолооч нар өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулж байгаа юм.

No description available.

23:10 цаг. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Усан сангийн зам. Цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг зогсоож, шалгалт хийв. Энэ үеэр жолооч нар жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч явахгүй болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй зөрчлүүдийг гаргав. Жолоодох эрхийн үнэмлэхээ авч яваагүй болон сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн нэгдсэн сангаас регистрийн дугаараар нь шалгаж байсан юм. Ингэхдээ нэгдсэн сангаас тухайн иргэний гаргасан зөрчил, жолоодох эрхтэй эсэх, эрэн сурвалжилагдаж буй зэргийг газар дээр нь шалгах боломжтой байдаг аж.

“Архи уугаагүй, зүгээр л амссан...”No description available.

Шалгалт хийх нэг цагийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсон хоёр иргэнийг саатуулав. Жолооны ард суух иргэн тээврийн хэрэгслийн эзэн нь биш ба “жинхэнэ” эзэн нь зэрэгцээ суудалд мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн байлаа. Харин жолоо барьж явсан өнөөх иргэн жолоодох эрхгүйн дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул цагдаагийн алба хаагч хэлтэс рүү авч явсан юм.

Тус машины жолооч “Бид цугтаа машин засчихаад харьж яваа юм. Архи нээх их уугаагүй ээ. Зүгээр л амссан төдий. Уучлаарай” гэв. Харин хэлтэс дээр очиж согтолтын зэргийг тодорхойлоход өндөр гарсан тул эрүүлжүүлэх байр луу шилжүүлж, тээврийн хэрэгслийг журмын хашаа руу шилжүүлсэн аж.

“Хулгайн гэмт хэргээ тээврийн хэрэгслээр гүйцэлдүүлэх хэргийн илрүүлэлтэд шөнийн хяналт шалгалт чухал үүрэгтэй”

Хяналт, шалгалт хийх байршлуудыг хэрхэн тогтоодог талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн П.Пүрэвхандаас тодруулахад “Гэр хорооллын дундах нарийн туслах замуудаар согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нар хөдөлгөөнд оролцох нь элбэг тохиолддог. Ингэхдээ эдгээр замуудад цагдаа байхгүй байх хэмээн бодсоны үндсэн дээр хөдөлгөөн үйлдэж байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлөөс гадна хулгайн гэмт хэргээ тээврийн хэрэгслээр гүйцэлдүүлэх гэх мэт хэргийн илрүүлэлтэд шөнийн хяналт шалгалт чухал үүрэгтэй” гэв.

Нэг шөнийн дотор 107 жолооч согтуудаа дийлдэж, жолооны ард суув

Баасан гарагийн шөнө 107 жолооч согтуудаа дийлдэж, жолооны ард суусныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. Ингэхдээ жолооны эрхгүй 20 иргэнийг саатуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 зүйлээр хариуцлага оногдуулав. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэд гэр ойрхон аль эсвэл өөрийгөө хянах чадвартай, би яаав л гэж гэж хэнэггүй үгийг хээвнэгхэн амнаасаа унагах. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард бүү суугаарай гэх амны уншлага, тархины сануулгаа умартаж, дуудлагын жолооч ч дуудахаас цааргалах нь авто замын хөдөлгөөнд оролцох соёл манайханд дутагдсаар байгаа бэлхэнээ харж болохоор байв.

“Жолооч нар хамгаалах бүсийг шөнийн цагаар зүүж хэвшихгүй байна”

Шөнийн шалгалтын талаар БГД-ийн цагдаагийн газрын цагдаагийн ахлах ахлагч Г.Нацагдорж “Шөнийн цагаар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй автомашинууд замын хөдөлгөөнд их оролцож байна. Түүнчлэн жолооч нар хамгаалах бүсийг өдрийн цагаар зүүчихээд шөнийн цагаар зүүж хэвшихгүй байгаа юм. Дүүргийн хэмжээнд замын цагдаагийн алба хаагчид шөнийн хяналт шалгалтад гарсан байна” гэлээ.

Харин түүнээс хяналт шалгалтын үеэр гардаг хүндрэлийн талаар тодруулахад “Хүндрэлтэй асуудал нэлээдгүй бий. Тухайлбал, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох соёл, харилцаа хандлага тал дээр анхаарах зүйл бий. Хамгаалах бүс бол жолооч болон зорчигчийг болзошгүй эрсдлээс хамгаалах чухал зүйл. Гэтэл хамгаалах бүс зүүгээгүй тул хариуцлага тооцоход цагдаагийн алба хаагчтай зүй бус харьцах тохиолдол их байдаг” гэлээ.

Эхний есөн сарын байдлаар 2970 эмэгтэй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл барьж, саатуулагдав

No description available.

Хяналт шалгалтын үеэр цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг зөрчил гаргасан эмэгтэй жолооч нар эсэргүүцэж, хүндрэл учруулах тохиолдол багагүй байдаг болохыг албаныхан хэлж байлаа.

Монгол улсын хэмжээнд 1380000 жолооч бүртгэлтэй байгаагийн 30-40 хүртэлх хувийг эмэгтэй жолооч эзэлж байгаа юм. Гэтэл эхний есөн сарын байдлаар 14079 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 23.2 хувь буюу 3266 нь эмэгтэй жолоочтой байсан аж.

Түүнчлэн ТЦА-наас гудман замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 мянган зөрчлийг илрүүлжээ. Үүнээс 11 хувь нь эмэгтэй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл барьж хөдөлгөөнд оролцсон байна.

Бусад зөрчилд эмэгтэй жолоочийн холбогдсон байдал 12.4 хувийг эзэлсэн гэх мэдээллийг ТЦА-наас өгсөн юм. Иймд зам тээврийн осол, зөрчлийн багагүй хувийг эмэгтэй жолооч эзэлж байгаа нь зөвхөн эрэгтэй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж, зөрчил гаргадаг гэх ойлголтыг бодитойгоор үгүйсгэж болохоор байгаа юм.

Ухамсаргүй үйлдэл, хэнэггүй зандаа цэг тавья, жолооч нар аа

Тээврийн цагдаагийн алба болон Баянгол дүүргийн замын цагдаагийн алба хаагчидтай хамтарсан шөнийн хяналт шалгалт ийнхүү өндөрлөв. Цагдаагийн алба хаагчид "Аниргүй Баасан гараг боллоо" хэмээн онцолж байсан юм.

Хөл дүүжлэх унаатай мөртлөө түүнийхээ бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, хайртай дотнын хүнээ хажуудаа суулгачихаад хурд хэтрүүлж эрсдэлд оруулдаг ухамсаргүй үйлдэл, хэнэггүй зангаа засах шаардлага одоо ч байгааг энэхүү сурвалжилгаар уламжилъя.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.