Коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн хүн амын дунд халдварын дараах нөхөн сэргээн засах эмчилгээний асуудал хөндөгдөх болсон. Тодруулбал, эдгэрсэн иргэд халдварын үеийн хам шинжийг ужгирч үлдэхээс сэргийлэх, биед үүссэн сөрөг нөлөөллийг арилгаж, хэвийн амьдралдаа шилжихийн тулд энэ төрлийн эмчилгээг хайх болсон. Тэгвэл ковид19-ийн дараах нөхөн сэргээн засах эмчилгээний талаар НЭМГ-ын мэргэжилтэн Ц.Цэнджаваас тодрууллаа.
-Халдвараар өвчилсөн иргэд сэргээн засах эмчилгээний асуудлыг их ярих болсон. Ер нь манай эрүүл мэндийн салбар халдварын дараах сэргээн засах эмчилгээний чиглэлд анхаарч чадаж байгаа юу?
-Дэлхий нийтэд ковид19-ийн халдвараар өвдсөн болон өвдөөд эдгэрсэн хүний тоо нэмэгдэх тусам сэргээн засах эмчилгээ улс орон бүрийн хүн амд тулгамдсан асуудал болж байна. Ингэхдээ халдвар аваад эдгэрсний дараагаар хэрхэн хэвийн амьдралдаа орох, үлдэж буй олон эрхтнийг хамарсан хам шинжийг хэрхэн эмчлэх вэ гэдгийг эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд судалсаар л байгаа.
Монгол Улсад 2021 оны 4-5 дугаар саруудад халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Иймд өвдсөн иргэдийг эргэн хэвийн амьдралд нь оруулахад сэргээн засах эмчилгээний асуудал тулгамдсан. Үүнд Монголын эрүүл мэндийн тогтолцоонд нийцүүлж, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Манай орны эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээ нь анхан болон лавлагаа гэсэн хоёр шатлалд байдаг. Анхан шатлал нь өрх, сумд, тосгоны эрүүл мэндийн төв. Харин лавлагаа шатанд төв, нэгдсэн, бүсийн оношлогоо, төрөлжсөн эмнэлгүүд багтдаг.
-Тэгвэл сэргээн засах эмчилгээ хийлгэхээр аль шатлалын эмнэлгийн байгууллагад хандах вэ гэдэг нь хүнд, хөнгөн туссанаас хамаарах уу?
Сэргээн засах тусламж үйлчилгээг хийхдээ хоёр шатлалын алинд нь өвчтөнөө эмчлэхээ эрэмбэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ковид19-ийн улаан бүсэд байхад тухайн иргэнийг хариуцан эмчилсэн эмч нь биеийн байдлыг үнэлж, сэргээн засах эмчилгээгээ хийлгэхдээ аль шатлалын эмнэлэгт хандахыг зааж өгнө.
-Тэгвэл гэрээр эмчлүүлсэн иргэд сэргээн засах эмчилгээний зөвлөмж, эмчилгээ авахын тулд хаана хандах вэ?
-Халдварын хөнгөн хэлбэрээр өвдөж, гэрийн хяналтад эмчлүүлсэн тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчид хандвал сэргээн засах эмчилгээг хэлж өгнө. Гэрээр хяналтад байсан мөртлөө эмгэг хам шинж нь арилахгүй байгаа тохиолдолд лавлагаа шатны нарийн мэргэшсэн эмчид үзүүлж сэргээн засах эмчилгээгээ хийлгэх эсэхийг өрхийн эмч зөвлөх юм.
-Сэргээн засах эмчилгээний чиглэлээр цахим сүлжээнд иргэд бие биедээ дур мэдэн зөвлөгөө өгөх тохиолдол их харагддаг шүү дээ?
-Дэлхий нийт нэгэн зэрэг судалж байна. Гарч байгаа эмчилгээний зааврууд нь түр гэх байдлаар гарч, үргэлж шинэчлэгдэн өөрчлөгдөж яваа. Үүнтэй адилаар сэргээн засах эмчилгээний түр зааврууд ч шинэчлэгдээд л явна.
Ковидын дараах олон эрхтнийг хамарсан ужиг хам шинж үргэлжилж байхад иргэд дур мэдэн нийгмийн сүлжээнд явж буй эм, бэлдмэл, эмчилгээг хийх тохиолдол байна. Мэдээж бие биедээ хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг өгч байгаа зүйл ч бий. Бүгдийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ заавал мэргэжлийн эмчид хандаж, сэргээн засах эмчилгээг хэрхэн хийх талаар зөвлөгөө мэдээлэлтэй болох хэрэгтэй.
-Нэн хүнд хэлбэрээр өвдсөн иргэдийн тухайд?
-Нэн хүнд хэлбэрээр өвдсөн хүн бол сэргээн засах эмчилгээгээ шат дараатай, аажмаар, эмчийн хяналт дор хийлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэн хүнд хэлбэрээр өвдсөн гэдэг нь ковидтой тэмцээд амьд үлдсэн хүн гэсэн үг шүү дээ. Тухайн иргэдийг эрүүл уушгиар нь хэрхэн амьсгалуулах, үрэвсэлд өртсөн уушгийг хэрхэн агааржуулалтын үйл явцыг сэргээх нь алхам алхмаар эмчийн хяналт дор хийх ёстой.
-Сэргээн засах эмчилгээг халдвар авсанаас хойш хэдий хугацааны зайтай хийж эхэлнэ гэсэн эмчилгээний заавар бий юу?
-Сэргээн засах эмчилгээг эрчимт эмчилгээний тасагт байхад нь эхлүүлдэг. Ингэхдээ мэргэжлийн эмч нь нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөлдсөний дүнд бага багаар ч гэсэн сэргээн засах эмчилгээг заавал хийнэ. Сэргээн засах эмчилгээг хийлгүй орхиж байгаад гэнэт хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Хурдан эхлүүлбэл биеийн байдал хурдан л сэргэнэ гэсэн үг.
-ЭМД-аараа хийлгэж болох уу?
-ЭМД-аар гэрээ хийсэн сувиллууд, эмнэлгүүдэд хийлгэж болно. ЭМД-тай гэрээ хийсэн 32 сувилал, эрүүл мэндийн байгууллага нийслэлд байгаа.
-Залуучууд хөнгөн хэлбэрээр өвдөж байгааг албаныхан хэлдэг. Гэтэл нөгөө талдаа хөнгөн өвдсөн залуус халдварын дараах нөхөн сэргээлтийн асуудалд хойрго хандаад байх шиг. Энэ тал дээр та залуучуудад ямар зөвлөгөө хэлэх вэ?
-Хөнгөн өвдсөн иргэд заавал эмнэлгийн байгууллагад очиж ачаалал авч, оочир дараалалд зогсон байж сэргээн засах эмчилгээгээ эмнэлгээр хийлгэх шаардлагагүй. Дэлхий нийтэд шинэ, танигдахгүй байгаа, цаашид хэрхэх, тодорхой үр дагавар нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд вирусээр хүн ам маань өвчилж байна шүү дээ.
Гэхдээ хөнгөн туссан хэдий ч дараах хэдэн жилд өөрийн ямар шинж тэмдэг илрэхийг таашгүй. Тиймээс хөнгөн туссан гэлтгүй сэргээн засах эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Ингэхдээ ажил, амралтыг зохион байгуулж байх хэрэгтэй. Уулаар алхаж, агаар салхинд сайна гарах хэрэгтэй. Хүч сорьсон спортуудаар хичээллэхээс нэг хэсэгтээ зайлсхийсэн нь зөв.
-Сэргээн засах эмчилгээний чиглэлд мэргэшсэн баг ажиллуулахаар ярьж байгаа талаар НЭМГ-аас мэдээлж байсан удаатай. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“КОВИД-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидициний аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэхүү мэргэшсэн баг нь телемидицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээг хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийх юм. Түүнчлэн телемидициний аргаар халдварын дараах урт хугацааны сэргээн засах эмчилгээг гэр бүлд түшиглэн хийхээр зорьж байгаа.
Ер нь сэргээн засах эмчилгээ нь багийн эмчилгээ байдаг. Сэргээн засах багт зүрх судас, мэдрэл, дотор, сэтгэцийн зэрэг ажилтнууд багтдаг. Нэг хүн дээр олон хүн очиж ажиллаж байж биеийн байдлыг үнэлж, эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг. Дүүргүүдийн сэргээн засах клиникүүдэд энэ чиглэлийн эмчилгээ хийгдэж байгаа. Хөнгөн өвдсөн, гэрээр байгаа хүмүүс их байгаа тул ачааллыг багасгах зорилгоор олон улсад байгаа жишгийг хэрэгжүүлэх гээд хүлээж авч байна.