"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг өнөөдөр /2021.10.21/ шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан. Д.Хаянхярваагийн хувьд тус компанийн захирлаар томилогдсоны дараа компанидаа дотоод аудитаар шалгалт оруулж, зарим зөрчил илэрсэн учраас АТГ-т хандаж энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өгч байжээ.
Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-ын дарга бол тус газарт хаягласан албан бичиг хүргүүлж байсан аж.
Тэгвэл "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор, Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргасан байна.
Зургийн тайлбар: Д.Хаянхярваагийн АТГ-т хүргүүлж байсан албан бичиг
Сануулахад, Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжав “Прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад ‘2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй’ гэж байна лээ” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан Д.Хаянхярвааг анх өөрөө хүсэлт гарган шалгуулж байгаа хэрэгт нь сэжиглэн хорьжээ.