Нийслэлийн Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр коронавирусийн дараах хам шинжийн мэдээллийг НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн Д.Цэнджав өглөө. Тэрбээр, "Эмнэлзүйн байдлыг дөрвөн янзаар үнэлж, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар хийх тухай яригдаж байна.
Хөнгөн өвдөж, гэрээр эмчлүүлсэн хүний сэргээн засах эмчилгээг гэр бүл, хамт олонд түшиглэсэн байдлаар хийх зарчмыг баримталж байна. Иргэд ковидын дараах хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж аваад, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөгүйгээр зарим зүйлсийг туршиж байна.
Ковидын дараах хам шинжүүдийг арилгах зорилгоор батлагдаагүй сүлжээний бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна. Бие биедээ ам дамжуулан зөвлөгөө өгч, дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байна. Хөнгөн хэлбэрээр өвдөж эдгэсэн залуус дасгал хөдөлгөөнийг хэт эрчимтэй хийснээр сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж байна. Улмаар мэдрэл сулралын хам шинж даамжирдаг. Ковидын дараах сэргээн засах, тусламж үйлчилгээний заавар удахгүй гарна. Дэлхий нийтэд ч энэ заавар түр хугацаанд гарч, шинэчлэгдэж байгаа.
Ковидоор өвчилсний дараа мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр сэргээн засах эмчилгээг хийлгээрэй гэж иргэдэд захья" гэв.