Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн "Амбулаторийн үзлэгээр амралтын өдрүүдэд 100-150, ажлын өдрүүдэд 80-90 хүүхэд үзүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 165 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 120 хүүхэд ирж, 25 хүүхэд нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол бусад нь зөвлөгөөгөө аваад гэртээ буцсан. Бид хүлээн авахад ирж, амбулаторийн үзлэгт үзүүлээд буцаж буй болон хэвтэн эмчлүүлээд гэртээ харьж буй хүүхдүүдийн мэдээллийг ӨЭМТ-үүдэд мэдээлж буй.
Ингэснээр өрхийн эмч нарын гэрийн эргэлт сайжирч, манайд үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэгсдийн хугацаа харьцангуй багасаж байгаа юм. ӨЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасгавал эмнэлэгт ирэх хүмүүсийн урсгал багасна гэж харж байна. Мөн сүүлийн долоо хоногт өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо ихсэж байгаа бөгөөд манайх 170 ор дэлгээд буй. Гэвч цаашид ор нэмэн ажилласан ч хүүхдийн мэргэшсэн сувилагч хомсдолтой байна" хэмээв.