Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Т.Бадрал Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ боомтын удирдлагуудтай уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-д энэ сарын 11-14-нд томилолтоор ажиллаж байна.

ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жинцян энэ сарын 11-нд Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, цөлжилттэй тэмцэх талаар санал солилцож, коронавируст цар тахалтай тэмцэх, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд Т.Бадрал Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн тус улсад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны голлох боомтууд байрладаг бөгөөд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чухал бүс нутаг тул харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөөц боломжтой чухал талбар гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хиллэж буй боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах, тусгаарлалт хяналтыг чанд баримталж буй нь хятадын талд коронавируст халдвар хил дамнан тархахаас сэргийлэх, худалдааг нэмэхэд үр өгөөжтэйг илэрхийлэв.

ӨМӨЗО Монгол Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын хилийн боомтод халдварт цар тахлаас сэргийлэх үр дүнтэй ажлыг хамтран хэрэгжүүлэх нь боомтын хэвийн ажиллагааг хангах, улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болохыг Хуан Жинцян онцлов. Мөн одоогоор хятадын талаас боомтод хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хэмжээнд мөрдөж буй бодлогын хүрээнд тогтоосон шаардлага бөгөөд цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох мэдээллийг шуурхай харилцан солилцож байх нь зүйтэй хэмээв.

Элчин сайд Т.Бадрал ӨМӨЗО-нд томилолтоор ажиллах үеэр Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ боомтын ажилтай танилцаж, боомтын удирдлагуудтай уулзана.

Жилийн өмнө бясалгал хийхээр гарсан эмэгтэйн цогцос дөрвөн метрийн гүнтэй нүхнээс олджээ
Жилийн өмнө бясалгал хийхээр гарсан эмэгтэйн цогцос дөрвөн метрийн гүнтэй нүхнээс олджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.