Төсөв хэлэлцэхтэй зэрэгцэж намрын улс төр утгаараа холион бантан болж байна. Эрх баригчид шатахуун, сайжруулсан түлш, ковидын хүндрэл, нөхөн сонгууль зэрэгтэй уялдсан улс төрийн тавилттай тоглоомоос гарч чадахгүй багагүй зовох дүр зураг ажиглагдаж байна.
Засгийн газар нь ковидоо хүртэл түр мартах хэмжээнд хүрч сайдуудын асуудлаа хөндүүлж байна. Чуулганы нээлтийн өмнө Ерөнхийлөгчийн зүгээс хариуцлага алдсан сайдуудад хариуцлага тооцох шахалтыг үзүүлсэн. Тэр үгийг нь УИХ-ын дарга уухайн тас өлгөж аваад намрын чуулганы нээлтийн индэр дээрээс түмэнд түгээсэн талаар бид хоёр хоногийн өмнө мэдээлсэн. /Тус нийтлэлийг энд дарж уншина уу./
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын “УИХ ажил хариуцсан сайдуудаас хариуцлага нэхэж ажиллана” гэсэн үг. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламент хяналтын чиг үүргээ хүчтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Мэдээж хариуцлага алдсан юм гарсан. Энэ чиглэлээр цаашдаа яригдаад явах байх гэж бодож байна” гэх зэрэг үгсийн шүлс нь хүртэл хатаж амжаагүй байхад нөгөө талаас хариуг нь бариад амжлаа.
Тодруулбал, өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал тогоог” базаж, өнгөрсөн хугацаанд түшиг тулгуур, хашир бурхи нь болж яваа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж парламентын хэдийнхээ байр сууринд хариулт өгч, үгэн дунд үг дайлаа. Тэрбээр “Сонгуулийн үеэр далимдуулж улс төр хийх. Зохиомол асуудал үүсгэх зэрэг улс төр давхар явж байна. Хариуцлагын асуудал мэдээж ярьж байгаа. Яг сайдын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь хууль, Үндсэн хуулиараа Ерөнхий сайд. Одоохондоо тийм асуудлууд яригдаагүй. Цаашдаа ажил сайжруулах арга хэмжээнүүд авна" гэж лүндэгнэв. Улс төрийн “тогоонд” 30 жил “чанагдсан” Ц.Нямдоржийн эл үг зүгээр ч нэг амнаас нь гараагүй гэдэг нь нэн ойлгомжтой. Буух эзэн, буцах хаягтай үгс.
Ялангуяа сайдуудтай хариуцлагын асуудал ярина гэж парламентын өнөө цагийн хамгийн хүчтэй хоёр хүн болох УИХ-ын дарга, олонхын бүлгийн дарга нарыг хэлсэн даруйд гарч ирж Үндсэн хууль ярьж буй нь цаанаа учиртай. Хэрвээ парламент Засгийн газарт шахалт үзүүлж сайд нарыг солих асуудлыг ярьж эхэлбэл Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ ярьж хэсэг гэдийх бололтой. 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Ц.Нямдорж сайдын өнөөдөр үгэн дотроо үг болгож хүний, өөрийн намын нөхдөдөө хандаж хэлсэн үг ийм учиртай. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг унагах үйл явцын босгыг мөн өндөрсгөж өгсөн. Тиймээс Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын дарга, гишүүд хөндөж ярихаас бус шууд нэр цохож огцруулах асуудалд оролцож чадахгүй. Магадгүй сайд огцруулахгүй гэвэл шахалт үзүүлэх замаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийнх нь байр суурийг ганхуулж, Ерөнхий сайдыг огцруулах гэж үзэж болно. Гэхдээ ингэхийн тулд нийт гишүүдийн 19 нь уг асуудлыг өргөн барьж, олонх буюу 39 нь огцруулах кнопыг дарж байж асуудал шийдэгдэнэ. Үүнийг хуучин цагтай харьцуулж үзвэл бараг л биелэгдэшгүй даалгавар. Онолын хувьд боломжтой ч, энэ цаг үед хийж чадах уу гэдэг нь өөрөө бас эрсдэлтэй үйл.
Тиймээс өчигдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өөрийн биеэр гарч ирж Үндсэн хууль ярьж, УИХ-ын дарга, бүлгийн дарга, гишүүдэд “Та нар санасныхаа зоргоор хүссэн зүйлээ авч чадахгүй шүү” хэмээн сануулга өгсөн хэрэг. Ер нь бол МАН доторх нөхцөл байдал далд “ертөнцдөө” ихээхэн бужигнаж байна. Харин хэзээ хүртэл энэ байдал үргэлжлэх, хаана хүрээд зогсох тодорхой бус юм. Товчоор бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тоглолт л бүхнийг шийдэх байх. Магадгүй төр ажилд тус биш ус, өөрийн нь зам мөрд чөдөр тушаа болж буй нэр бүхий сайдуудыг “сугалаад” танхимаа хамгаалах нь зөв. Ингэж байж л төсөөлсөн бодлогын үр дүндээ хүрэх боломжтой.
Г.Лхагвадорж