Түлхүүүр мэдээлэл:
- Хятадад хоёр дахь өдрөө дараалан дотоодын гаралтай халдвар илрээгүй байна.
- Харин гадаад орноос зөөвөрлөгдөж ирсэн халдварын тоо 228
- Гадаад орноос ирсэн хүн бүрийг 14 хоног тусгаарлаж байгаа.
Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын эх газарт коронавирусийн халдварын 39 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улс орноос зорчин ирэгсдээс илэрчээ.
Өөрөөр хэлбэл Хятадад хоёр дахь өдрөө дараалан дотоодын гаралтай халдвар илрээгүй байна. Харин гадаад орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 228 болжээ.
Тус улс гадаад орнуудаас ирж буй хүмүүсийг заавал 14 хоног тусгаарладаг болоод байгаа. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өнгөрсөн Лхагва гарагт үг хэлэхдээ Хятадад нөхцөл байдал сайжирч байгаа үйл явцыг гэдрэг буцаах ёсгүйг албаныханд хатуу анхаарулжээ.
Өчигдрийн байдлаар Хятадын эх газарт Covid-19 халдварын нийт 80,967 тохиолдол бүртгэгдэж, 3,248 өвчтөн нас бараад байна. Пүрэв гарагт тус улс даяар гурван хүн халдварын улмаас нас баржээ.
Ази тивд коронавирусийн дэгдэлтийн дараагийн том голомт болсон Өмнөд Солонгост өчигдөр халдварын 87 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоог 8,652 болгосон байна.
Эх сурвалж: Reuters