Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр хэмээн галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дамжуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тухайлбал, жил бүр дэлхийн 100 гаруй улсын хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал газарт амьдардаг олон мянган хүн энэхүү аюулт өвчнөөр өвчилж нас бардаг гэсэн судалгаа бий. Тиймээс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нохдын масс дархлаажуулалт, өртөлтийн дараах хүний дархлаажуулалт гэсэн гурван үйл ажиллагааг уг өвчний хяналтын программыг амжилттай хэрэгжүүлэхэд тусгаж байна.
Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа энэ үед эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо толгой ихэссэн нь галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байгаа юм.
Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Нэмэлт мэдээлэл
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг. Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлсдүүлэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.