Нийслэлийн иргэдийн коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдалт 74, бүрэн тунгийн хамрагдалт 73 хувьтай байгаа юм. Харин дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх сул буюу нийслэлийн нийт хүн амын ердөө 11 хувь нь хамрагдаад байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулбал манай улс наймдугаар сарын 21-нээс коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгаар зорилтот бүлгийн иргэд болон эрүүл мэндийн салбарынхныг дархлаажуулж эхэлсэн. Улмаар есдүгээр сарын 10-наас 18-аас дээш насны иргэдэд гуравдугаар тунг хийж эхэлсэн юм. Хэдийгээр нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах ч иргэдийн идэвх муу байгаа нь энэ талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийнх хэмээн үзэж буй. Мөн 2 дахь тунд хамрагдаад 3 сар буюу 90 хоносон иргэн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаж болох бөгөөд хэрвээ коронавирусээр өвдсөн бол хоёр сарын дараа тус тунд хамрагдаж болох юм байна.