Бид өөр улсын хэлийг эх хэл шигээ сурахын тулд олон хоногийн хичээл зүтгэл, тууштай байдал хэрэгтэй. Тиймээс энэ удаад Солонгос хэлийг сурахаар шийдсэн ч хаанаас, эхлэхээ мэдэхгүй байгаа оюутан залуусдаа дараах зөвлөгөөг хүргэж байна.
1.Зорилгоо тодорхойлох
Юун түрүүнд солонгос хэлийг яагаад сурч байгаа, хэр хугацааны дараа ямар үр дүн үзүүлэх талаараа цаасан дээр бичиж байнга биедээ авч явах хэрэгтэй. Мөн зорилгоо мартахгүй тулд өдөр бүр бичсэн зүйлээ уншиж өөртөө урам зориг өгч байгаарай.
2.Хийж байгаа зүйлдээ дурлах
“Дургүйд хүчгүй” гэдэг шиг бид хийж байгаа зүйлдээ үнэхээр дуртай л байхгүй бол ахиц дэвшил гарахгүй л болов уу. Солонгос хэлэнд дурлаж, өөрт урам зориг өгөх орчин нөхцлийг бүрдүүлж, өөрийн хоббитойгоо холбож сурвал илүү үр дүнтэй байх болно.
3.Үсгээ сурах
Дээр хэлсэнчлэн бид зорилгоо тодорхойлж, хийж буй зүйлдээ дуртай болчихлоо. Харин одоо хэл сурахад хамгийн эхлээд үсгээ сурах билээ. Бид бага ангидаа Монгол цагаан толгой сурдагтай адилхан гадаад хэд сурахад үсгээ цээжлэх хэрэгтэй.
“Солонгос хэл” хэмээх гар утасны аппликейшенд нийт 20 дүрмийн хичээл байршсан байдаг. Уг аппликейшенд танд эгшиг, хос эгшиг, гийгүүлэгч, дэвсгэр үсэг гэх мэт анхан шатны мэдлэгийн цогцоор нь хүргэх болно.
4.Өргөн хэрэглээний үг цээжлэх
Өргөн хэрэглээний үг цээжилнэ гэдэг өнөөдөр тогтоосон үгийн утгыг харчихаад маргааш нь шинэ үг цээжлэхийг хэлэхгүй. Өмнөх өдөр нь тогтоосон үгээ маргааш нь бататгаж ашигладаг байх нь чухал. “Misheel study” гэх утасны аппликейшен нь анхлан суралцагчидад тохиромжтой бөгөөд тоо, үсэг, өргөн хэрэглээний дүрмийг нэг дор багтсан. Мөн өдөр бүр утсанд мэдэгдэл ирдгээрээ онцлогтой.
5.Дүрмээ цээжлэх
Солонгос хэл нь үгийн бүтэц, дарааллаараа Монгол хэлтэй тун төстэй. Тиймдээ сурахад таньд илүү дөхөм байх болов уу. Бид чөлөөт цагаараа солонгос кино үзэж, дуу сонсдог шүү дээ. Тэгвэл одоо сонирхлоо, сурч байгаа зүйлтэйгээ холбож үзэх хэрэгтэй. Зүгээр нэг кино үзэх биш, яриаг нь тогтоож ямар дүрэм ашиглаж байгааг нь анзаарах хэрэгтэй.
6.Ном сурах бичиг ашиглах
Солонгос хэлний олон төрлийн сурах бичиг хэрэг болно. Дүрмийн, үг цээжлэх, дасгал ажлын зэрэг олон төрлийн номнууд дээр ажиллах нь илүү үр дүнтэй байдаг.
7.Орчуулга хийх
Сонсдог дуучин, дуртай жүжигчнийхээ орсон нэвтрүүлгийг орчуулах нь хэл сурахад их том давуу тал болно. Эсвэл зүгээр л инстаграм дээр оруулсан жижиг тайлбарыг ч орчуулж болох юм.
8.Шалгалт өгөх
Өдөр болгон сурсан зүйлээ бататгаж, үнэнчээр өөрийгөө шалгаарай. Эцэст нь та өөрийгөө бэлэн болсон гэж бодож байвал Солонгос хэлний түвшин тогтоох шалгат болох “TOPIK”өгж болох юм.
Танд амжилт хүсье
Б.Болортуяа