Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хуралдааны үеэр Засгийн газраас ноолуурын бэлтгэлийн асуудалд цогц арга хэмжээ авах тогтоол баталсан байна. Үүний үр дүнд салбарын сайд ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээ авч ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрээр:
"Ноолуур бол манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөхөн сэргээгдэх баялаг гэж үздэг. Дэлхий дахинд коронавирусийн халдвараас болж ноолуурын салбарт эрсдэл үүсэж байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Өнгөрсөн жил манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 25 орчим хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргасан байна. Мөн 10 орчим хувийг нь хагас боловсруулж буюу самнаж экспортод гаргасан байна. Үлдсэн 65 хувьд нь анхан шатны тордолт хийж угаагаад экспортод гаргасан. Энэ жил өнгөрсөн оны энэ байдлыг өөрчлөхөөр төлөвлөсөн. Үүний тулд Засгийн газраас үндэсний үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн ноолуурын улсын нөөц бий болгоход зориулж нэмж 200 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр нийт ноолуурынхаа 50 хувийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоно" гэлээ.